Буудлага: Э.Энхмаа залуучуудын олимпийн аварга боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болж буй Залуучуудын III олимпийн наадмын хийн урт бууны олон улсын холимог багийн төрөлд өрсөлдсөн Э.Энхмаа алтан медаль хүртлээ. ОУХМ Э.Энхмаа, Унгарын буудагч Залан Пеклер нарын баг ОХУ болон Мехсикийн хамтарсан багийг 10:9 оноогоор ялснаар, залуучуудын олимпийн холимог багийн төрөлд аварга болов.

Түүний багш нь энэ жил төрсөн охиноо Азийн наадмын түрүүнд хүргэсэн дасгалжуулагч Ж.Ганхуяг юм.

Монгол, Унгарын багийн ард 19 хос жагсаж, хүрэл медалийг Финландын Виви Кемппи болон Аргентиний Факүндо Фирмапас нар зүүжээ. Арван нэгэн тамирчинтай залуучуудын олимпийн наадмыг зорьсон Монголын шигшээ баг одоогийн байдлаар нэг алт, хоёр мөнгөн медальт хүртээд байна.

Наадмын эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Г.Тэмүүжин /55 кг/ мөнгөн медаль хүртсэн бол дараа нь эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Л.Сосорбарам мөн мөнгөн медалийн эзэн болсон билээ. Жүдо бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин оролцож, хоёулаа ийн медальд хүрсэн.

Буэнос-Айрест Монголоос 11 тамирчин Андын нурууны индианчуудын бэлд хүрэлцэн очсон бөгөөд тэд жүдо (2) , чөлөөт бөх (2) , тэквондо (1), хүндийг өргөлт (1), буудлага (1) , 3х3 сагсан бөмбөгийн хөвгүүдийн баг (4) өрсөлдөж байгаа.

Монголын баг тамирчид өмнө нь "Сингапур-2010" залуучуудын олимпиос хоёр алт (Б.Батцэцэг, чөлөөт бөх + Г.Эрдэнэболд, гимнастик, харайлт), нэг мөнгө (О.Дөлгөөн, жүдо), "Наньжин-2014" наадмаас нэг мөнгөн медаль (Б.Дөлгөөн, чөлөөт бөх) хүртсэн түүхтэй.

Залуучуудын III олимп аравдугаар сарын 18-нд өндөрлөнө. Одоо манай тамирчдыг хүндийг өргөлт, чөлөөт бөхийн төрлийн тэмцээнүүд хүлээж байна.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Андуурал(116.77.73.250) 2018 оны 10 сарын 12

Энхмаагийх багш Ганхуяр биш Энхжаргал мөн

0  |  0
Top