Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв нээгдлээ

2018 оны 10 сарын 16

Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг Дархан-Уул аймагт албан ёсоор нээлтээ хийлээ.

Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр энэ төвийг нээлээ. Энд 395 сая төгрөгийн өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Монголбанк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивласан билээ.

Нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Илария Дали, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нар оролцлоо.

Төвийн бүсийн үнэт металлын сорьц тогтоох лаборатори байгуулагдсанаар Дархан-Уул(Хонгор, Шарын гол сум), Сэлэнгэ(Хүдэр, Ерөө, Бугант, Мандал, Баянгол сумд), Төв(Заамар, Жаргалант сум, Борнуур), Орхон, Булган, Хөвсгөл аймагт алт олборлох, үйлдвэрлэх үйл ажиллагааг эрхэлж буй аж ахуйн нэгж, бичил уурхайчид олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулах, орон нутаг дахь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа өргөжих, ажлын байр нэмэгдэх, татварын орлого өсөх зэрэг боломжууд бий болно гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн юм.

Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк, арилжааны банканд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох юм. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус дамжлага багасаж, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top