FIFA DAYS-ын хүрээнд аравдугаар сард үндэсний шигшээ баг албан ёсны хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байсан. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг эхний тоглолтоо Сингапурын эсрэг хийж, 2:0-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Тэгвэл өчигдөр /2018.10.16/ Лаос улсын Үндэсний цэнгэлдэхэд Лаосын шигшээ багтай тоглож, 4:1-ийн харьцаатай талбайн эздийг бут ниргэлээ.
Тоглолтын хувьд 23” минутад Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг тоог нээсэн. Гэсэн ч энэ гоолоос ердөө таван минутын дараа Монголын багаас жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг нь барьсан юм.
Эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авлаа. Ингэснээр 73” минутад А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод анх удаа тэргүүлэх боломжийг олгосон юм. Үлдсэн цагт залуусын тоглолт бүр ч сэргэж М.Жансерик 75”, Н.Наранболд 83” нар тоог 4:1 болгосноор энэ тоглолтын хувь заяаг нэгэнт шийдсэн юм.
Өмнө нь Монголын шигшээ Лаосын шигшээ багтай тоглож, 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан бол өнөөдөр ийнхүү итгэлтэй ялалт байгууллаа.
Тус тоглолтыг Лаос улс дахь бүрэн эрхт Элчин сайд болон Элчин сайдын яамны ажилчин алба хаагчид, Лаос улсад ажиллаж амьдарч, сурч байгаа монголчууд дэмжжээ.
Сэтгэгдэл ( 0 )