ДАШТ: Өнөөдөр Э.Бэхбаяр нарын таван бөх барилдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 21

Унгарын Будапешт хотноо болж буй чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хоёр дахь өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн 57, 65, 79, 92 кг жингийн урьдчилсан шат, 61, 74, 86, 125 кг жингийн финалын барилдаан болно. Өчигдөр /2018.10.20/ болсон эхний өдрийн барилдаанд .Түвшинтулга /61 кг/, Г.Мандахнаран /74 кг/, О.Үйтүмэн /86 кг/, Н.Золбоо /125 кг/ нарын манай дөрвөн бөх зодоглосноос Т.Түвшинтулга дагаж барилдах эрхтэй болсон. Тэрбээр Энэтхэгийн С.Гонганетай дагах барилдаан хийнэ. Хэн хожсон нь Гүржийн Б.Ломтазетай хүрлийн төлөө барилдана.

Мөн өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Т.Тулга, 79 кг-д П.Өнөрбат, 92 кг-д Л.Төртогтох нар Будапештийн дэвжээнд хүч сорино. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу нэг жингийн барилдаан хоёр өдөр үргэлжилж, алт, хүрлийн төлөөх шигшээ барилдаан болон дагах барилдаан маргааш нь болж байгаа юм. Өнөөдөр барилдах бөхчүүдийн тухайд дараах байдлаар сугалаа таарчээ.

Э.БЭХБАЯР /57 кг/

Э.Бэхбаяр Ираны бөх, Азийн наадам болон тивийн АШТ-ий хүрэл медальт Реза Атри Нагарчитай оноолт таарчээ. Тэд хамгийн сүүлд Азийн наадмын хагас шигшээд учраа таарч, Э.Бэхбаяр 8:2-оор ялсан. Манай бөх эхний өрсөлдөгчөө ялбал ДАШТ-ий хүрэл медальт, Европын мөнгө, гурван хүрэлтэй Беларусийн Уладзислау Андрейтай хүч үзнэ.

Т.ТУЛГА /65 кг/

Залуу тамирчин Т.Тулга эхний тойрогт Словакийн Давид Хабаттай учраа таарсан. Түүнийг ялбал ДАШТ-ий мөнгө, Европын наадмын мөнгө, тивийн АШТ-ий алт, хошой мөнгөтэй Польшийн нэр дээр барилдаж буй дагестан эр Магомедмурад Гаджиев, Арменийн Валодия Франгульян нарын ялсантай нь хүч сорино.

П.ӨНӨРБАТ /79 кг/

Хашир турлагатай П.Өнөрбат эхний тойрогт Энэтхэгийн бөх Сачин Ратитай оноолт таарсан. Түүнийг ялбал БНСУ-ын Ман Хо Отой дараагийн даваанд өрсөлдөнө.

Л.ТӨРТОГТОХ /97 кг/

Л.Төртогтох эхний тойрогт хийлсэн. Тиймээс эхний барилдаандаа Казахстаны Нургали Нургайпулитай хүч үзэх ба түүнийг ялбал БНСУ-ын И Ёон Ку, Беларусийн Иван Янкоуски нарын ялсантай барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top