ДАШТ: П.Өнөрбат Энэтхэгийн бөхийг цэвэр яллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 79 кг-д хүч үзэж буй Гавьяат тамирчин П.Өнөрбат эхний тойргийн барилдаанд Энэтхэгийн бөх Сачин Ратиг оноогоор цэвэр (13:1) ялав.

П.Өнөрбатын хувьд ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хоёр мөнгө, гурван хүрэл медальтай, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин юм. Харин түүний өрсөлдөгч энэ жилийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттай.

Одоо П.Өнөрбат 1/8 шигшээд “Инчён-2014” Азийн наадмын мөнгөн медальт, БНСУ-ын О-Ман Хотой барилдана.

ДАШТ-ий хоёр дахь өдөр чөлөөт бөхийн 57, 65, 79, 92 кг жингийн урьдчилсан шат, 61, 74, 86, 125 кг-ын жингийн финалын барилдаан болж байна.

ОУХМ Т.Түвшинтулга /61 кг/ дагах барилдаанд ялсан бол 65 кг-д өрсөлдөж байгаа Т.Тулга /65 кг/  нэгдүгээр тойрогт ялсан.

Харамсалтай нь, Монголын шигшээ багийн гол найдварын нэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадмын аварга, 2015 оны Азийн аварга, “Хангарьд” спорт клубийн тамирчин, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр /57 кг/ эхний тойрогт Азийн наадам болон ААШТ-ий хүрэл медальт, Ираны Реза Атрид 1:6 харьцаагаар ялагдал хүлээснээр өрсөлдөгчөө шигшээд шалгарахыг хүлээх үлдсэн. Гэсэн ч түүнийг ялсан Реза Атри дараагийн тойрогт ялагдсан тул манай бөхийн хувьд цааш барилдах боломжгүй боллоо.

Өнөөдөр барилдаж байгаа Монголын бөхчүүдээс 92 кг-д өрсөлдөх Л.Төртогтох хараахан дэвжээнд гараагүй байна. Л.Төртогтох эхний тойрогт хийлсэн. Тиймээс дараагийн тойрогт Казахстаны Нургали Нургайпулитай хүч үзэх ба түүнийг ялбал БНСУ-ын И Ёон Ку, Беларусийн Иван Янкоуски нарын ялсантай барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top