“Будапешт-2018” бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна.
Л.ТӨРТОГТОХ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 92 кг-д Л.Төртогтох нар дагах барилдаан хийсэн бол эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бямбадорж, 97 кг-д Ө.Батзул, эмэгтэйчүүдийн 55 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Шоовдор нар урьдчилсан шатны барилдаанд зодоглож байна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу нэг жингийн барилдаан хоёр өдөр үргэлжилж, алт, хүрлийн төлөөх шигшээ барилдаан болон дагах барилдаан маргааш нь болж байгаа юм. Энэ дагуу өчигдөр /2018.10.21/ барилдсан бөхчүүдээс Т.Тулга /65 кг/, Л.Төртогтох /92 кг/ нар өнөөдөр дагах барилдаан хийхээр шалгарсан.
Ингээд эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын дагах барилдаан болоход 92 кг-ын жинд барилдсан үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин, ОУХМ Л.Төртогтох БНСУ-ын Ли Жон Куг 4:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 00.00 цагт эхэлнэ. Манай бөх Японы Ацүши Мацүмототой хүрэл медалийн төлөө Монголын цагаар шөнийн 01:00 цагийн үед барилдана.
Харин 65 кг-ын жинд өрсөлдсөн, үндэсний шигшээ баг, “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга дагах барилдаад БНСУ-ын Ли Сён Чулд 4:6-гаар ялагдсан тул түүний хувьд тэмцээн дууслаа.
Б.БЯМБАДОРЖ ШИЛДЭГ НАЙМД ШАЛГАРЛАА
Өнөөдрийн барилдааны эхэнд эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өрсөлдөж буй Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, “Монголиа Опен” тэмцээний хошой мөнгө, нэг хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бямбадорж эхний тойрогтоо Иракийн Давод Аль Дулаимиг оноогоор цэвэр (10:0) ялсан билээ.
Манай бөх дараа нь 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, АНУ-ын Жеймс Гринийг 4:2 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Түүний 1/4 шигшээгийн өрсөлдөгч нь 2015 оны дэлхийн аварга, ОХУ-ын Магомедрасул Газимагомедов байх юм.
Б.ШООВДОР ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЧ, Э.ДАВААЧИМЭГ ЯЛАГДЛАА
“Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүч үзэж буй үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Б.Шоовдор хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр 1/8 шигшээ барилдаанд АНУ-ын Женна Буркертийг 1:1-ээр ялсан бол дөнгөж сая шөвгийн наймд Энэтхэгийн Сарита Саритаг оноогоор цэвэр (10:0) яллаа. Ингэснээр Б.Шоовдор хагас шигшээд Туркийн Элиф Есилирмактай өрсөлдөх болж байна.
Харамсалтай нь, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Даваачимэг 1/4 шигшээ барилдаанд 23 хүртэлх нас болон залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, БНХАУ-ын Зан Кид 3:5-аар ялагдлаа. Түүний өрсөлдөгч хагас шигшээд Японы Майю Мүкайдаг ялбал манай бөхөд дагах барилдаан гарна.
Сэтгэгдэл ( 0 )