Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай зургаан эмэгтэй барилдаж буй.
Тухайлбал, өчигдөр /2018.10.23/ урьдчилсан болон хагас шигшээд барилдсан бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 72 кг-д өрсөлдсөн О.Насанбурмаа тун удахгүй алтан медалийн төлөө хүч үзэх гэж байна. Барилдаан Монголын цагаар 00.00 цагаас эхэлнэ.
Бусад бөхчүүдийн тухайд, өчигдөр 65 кг-д зодоглосон Х.Болортуяа өнөөдөр дагах барилдаан хийлээ. Манай бөх хоёрдугаар тойрогт ялагдсан ч түүний өрсөлдөгч, Канадын бөх Даниел Лаппэйж аваргын төлөө шалгарсан тул дагах боломж гарч ирсэн юм. Гэсэн ч Оросын цомын нээлттэй тэмцээний мөнгө, “Монголиа Опен” Олон улсын тэмцээний гурван хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа энэ жилийн 23 хүртэлх насны Европын аварга, ОХУ-ын Наталья Кузнецовад оноогоор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Э.НАРАНГЭРЭЛ (50 кг)
Тэмцээний 50 кг-ын жинд өрсөлдсөн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клубийн тамирчин, ОУХМ Э.Нарангэрэл шөвгийн наймд ялагдлаа. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд 1/8 шигшээд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны дэлхийн аварга, Туркийн Эван Демирхантай барилдах байсан. Түүний өрсөлдөгч нь жиндээ ороогүй учир ялалт байгуулсан бөгөөд 1/4 шигшээд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үеийн дэлхийн аварга Украины Оксана Ливачэд оноогоор цэвэр ялагдлаа.
Э.СУМЪЯА (53 кг)
ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт Э.Сумъяа 53 кг-д зодоглож, тэгшигтгэлд энэ жилийн Жакартагийн Азийн наадамд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байсан БНСУ-ын Ли Шин Хитэй хүч үзэв. Будапештийн “уулзалт”-д манай бөх өрсөлдөгчөө 33 секундэд цэвэр ялснаар 1/8 шигшээд Эквадорын Луиса Валварде Мелендрестэй барилдахаар болсон. Гэвч дараагийн өрсөлдөгч болох 2011 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Эквадорын Луиса Валварде Мелендрест цэвэр ялагдлаа.
А.БАТЦЭЦЭГ (57 кг)
Тэмцээний 57 кг-ын жинд өрсөлдсөн 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, залуучуудын алт, өсвөр үеийн мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ А.Батцэцэг тэгшитгэлд БНАСАУ-ын Жон Ин Сумд цэвэр ялагдлаа.
Э.ГАНТУЯА (62 кг)
Энэ удаагийн ДАШТ-д П.Орхоны жинд зодоглосон Э.Гантуяа эхний барилдаанаа Азийн АШТ-ий дөрвөн хүрэл медальтай, БНСУ-ын Хан Жун Вонтой хийж, 6:0-ээр ялсан. Дараа нь 1/8 шигшээд 23 хүртэлх насны ЕАШТ-ий хошой хүрэл медальт, Туркийн Асли Тугсутай хүч үзэж, түүнийг цэвэр ялсан. Ингээд 1/4 шигшээ буюу шөвгийн наймд АНУ-ын Мэллори Вельтэд оноогоор цэвэр (4:14) ялагдлаа. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Болгарын Тайбе Юсейнийг ялсан тохиолдолд маргааш дагах барилдаан гарна. Э.Гантуяа нь 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын мөнгө, өсвөр үеийн хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин юм.
Сэтгэгдэл ( 0 )