БНСУ-ын ширым бөхийн холбооны тэргүүн Пак Пал Ёнг тэргүүтэй албаны хүмүүс, шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд Монголд зочилж байна. БНСУ-ын ширым бөхийн холбоо болон Монголын ширым бөхийн “Хангай” холбоо хамтран ажиллах гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны гэрээг БНСУ-ын холбоог төлөөлж тэргүүн Пак Пал Ёнг Монголын холбоог төлөөлж тэргүүн М.Өсөхбаяр нар үзэглэв. “Хангай” холбооны урилгаар Монголд зочилж, хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн БНСУ-ын ширым бөхийн холбоо нь Өмнөд Солонгосын үндэсний бөхийн хамгийн том, албан ёсны холбоо юм.
Хамтран ажиллах гэрээ байгуулснаар хоёр улсын бөхчүүд харилцан зочилж, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, Монголын бөхчүүд ширым бөхийн төрлөөр олон улсын тэмцээн, наадамд оролцох бүрэн боломж нээгдэж байна. Тухайлбал, үндэсний их баяр наадмын өмнө Өмнөд Солонгосын бөхчүүд Монголд ирж, хамтарсан бэлтгэлд хамрагдах бол Монголын бөхчүүд “Чонха Жанса” ширым бөхийн их наадамд оролцох, үндэсний бөхийн үзүүлэх тоглолт хийх, хамтарсан бэлтгэлд хамрагдах төлөвлөгөө гарчээ.
Монголд зочилж буй ширым бөхийн тамирчид мягмар гаригт /2018.10.23/ “Аварга” дээд сургуулийн байранд хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Энэ үеэр Монголын ширым бөхийн холбооны тэргүүн, Монгол Улсын заан М.Өсөхбаяртай товч ярилцлаа.
М.Өсөхбаяр: Арван жилийн дараа гэхэд Монголын ширым бөхийн хөгжил
өөр түвшинд хүрсэн байх болно
-БНСУ-ын үндэсний бөх болох ширым бөхийн төлөөлөгчид манай улсад ирлээ. Ямар зорилгоор ирэв?
-Өмнөд Солонгосын үндэсний ширым бөхийн холбооныхон бидний урилгаар Монголд дөрвөн өдрийн хугацаатай ирлээ. Энэ хүрээнд бид нөхөрсөг барилдаан зохион байгуулж, цаашид БНСУ-ын үндэсний спортыг бөхийн орон Монголд хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Японы үндэсний бөх сүмогоор монгол бөхчүүд өндөр амжилт гаргаж байгаа шиг Өмнөд Солонгосын ширым бөхөөр Монголын тамирчид амжилт үзүүлэх бүрэн боломж бий. Гол нь бид үндэсний хамгийн том бөгөөд гол холбоотой харилцаа, холбоо тогтоож, түүнийгээ шинэ шатанд гаргаснаар тамирчдын хувьд олон боломж бий болж байна.
Өмнөд Солонгосын үндэсний ширым бөхийн “Их аврага” тэмцээнд бид 2011 оноос хойш оролцож ирсэн. Энэ жил ес дэх удаагаа оролцох гэж байна. Ирэх сард БНСУ руу тэмцээнд явахаар тамирчид бэлтгэлээ базааж байгаа. Солонгосчууд үндэсний бөхийнхөө энэ төрлийг хөгжүүлэхэд онцгой анхаардаг. Төрөөс нь ч бас бодлогоор дэмждэг. Монгол үндэсний бөхтэй ижил өөрсдийнх нь үндэсний нэгэн дархлаа гэж хүндэтгэж үздэг. Бид үндэсний бөхөөрөө бахархдаг шиг солонгосчууд ширым бөхөө үзэж баясдаг. Энэ утгаараа тэд гадаадын улс орнуудад салбар хороогоо байгуулж байгаа. Монгол дахь салбар нь манай холбоо байх юм.
-Ширым бөх Монголд хөгжихөд техник, бэлтгэл сургуулилтын заал танхим гэх мэт материаллаг баазын хувьд та бүхэнд хэр боломж байгаа вэ?
-Бид цаашдаа ширым бөхөөр дагнан хичээллэх тамирчин бэлтгэхэд анхаарна. Тамирчдаа аль болох Өмнөд Солонгост мэргэшүүлж, мэргэжлийн тамирчин болгох зорилготой байна. Монголын ард түмэн бөхийн бүх төрөлд хайртай. Үндэсний бөх, чөлөөт, жүдо, сүмо, ширым гээд бүгдийг нь шимтэж үздэг. Гэхдээ ширым бөхийн спортыг монголчууд бусад төрлүүд шиг төдийлөн сайн мэдэхгүй ч 5-10 жилийн дараа Монголд хөгжлийн өөр түвшинд хүрч, тамирчид маань ч тодорхой амжилтад хүрсэн байна гэдэгт итгэлтэй байна. Гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа баталгаажуулан, тамирчдад зам нээж байгаа нь энэ зорилгын эхлэл юм.
-Хамгийн ойрын хугацаанд оролцох тэмцээнийхээ талаар тодруулна уу?
-Өмнөд Солонгосын Их аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид оролцоно. Тэмцээн арваннэгдүгээр сарын 19-нд эхлэх юм. Ширым бөх үндсэндээ монгол үндэсний бөхтэй адилхан жин харгалзахгүй барилддаг дүрэмтэй. Онцлог нь элсэн дээр барилддаг. Ирэх сард болох тэмцээнд улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага О.Хангай, улсын начин О.Батзориг, Д.Тамир тэргүүтэй бөхчүүд оролцоно.
Энэ дашрамд, бөхөд хайртай Монголын ард түмэндээ ширым бөхийн спортыг та бүхэн судалж сонирхоорой гэж хүсмээр байна. Бөхийн энэ төрлийн үүх түүх, хөгжлийн талаар ойлголт хүргэхийн тулд бид хичээнэ. Тамирчид маань ч амжилт гаргахын төлөө тууштай бэлтгэл, сургуулилтдаа анхаарах болно.
Сэтгэгдэл ( 0 )