ЧӨЛӨӨТ БӨХ: Эмэгтэйчүүд ДАШТ-д багаараа V байрт бичигдэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

 Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл аравдугаар сарын 22-25-нд Унгарын нийслэл Будапештийн 12500 хүний суудалтай “Ласло Папп арена”-д боллоо. Эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд 52 орны 234 тамирчин 10 жинд өрсөлдөв. Манай улсаас бүтэн багаараа оролцсноос Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 72 кг-д мөнгө, ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, долоон тамирчин шагналт байрт орж, 71 оноогоор тавдугаар байр эзэлсэн амжилттай өндөрлүүллээ.

Эрэгтэйчүүдийн өрсөлдөөнд олимп, дэлхийн аварга хэргэмтэй олон томчууд түрүүлж чадаагүйгээр барахгүй медаль хүртэж чадаагүй. Тэгвэл бүсгүйчүүдээс “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга АНУ-ын Хелен Марулис эхний даваанд ЕАШТ-ий хошой хүрэл медальтай Алиона Колесник хэмээх Азербайжан бүсгүйд цэвэр ялагдснаар нутаг буцсан юм. Маррулисийн нутаг нэгт хүнд жингийн шилдэг бөх Аделин Грей Будапештэд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Туркийн Ясемин Адарыг оноогоор цэвэр ялж, дэлхийд дөрөв дэх удаагаа түрүүлж дархан аварга боллоо. Хүнд жинд БНХАУ-ын Лиу Донгфенг, Японы Кёоко Хамагүчи, Болгарын Станка Златева нар таван удаа аваргалсан. Грэй дахин нэг түрүүлэхэд дээрх бөхчүүдтэй айлсана.

Японы эмэгтэй бөхчүүд Будапештэд дөрвөн жинд түрүүлсэн бөгөөд Кавай, Сүсаки, Окүна, Мүкаида бүгд хошой аварга болсон. Түүнчлэн Рон Ниннинг (БНХАУ), Петра Олли (Финланд), Тайбе Юсейн (Болгар), Алла Черкасова (Украин), Жюстина Ди Стасио (Канад) нар анх удаа дэлхийн аварга болцгоов.

Оросын эмэгтэй бөхчүүд 10-уулаа Будапештэд ирсэн ч ганц ч медальгүй нутаг буцав. Оросууд 1997, 2012 оны ДАШТ-д хоосон буцаж байжээ. 57 кг-ын жинд эзэн орны Эмесе Барка Унгарчуудын анхны медалийг авчирлаа.

Наймдугаар сард Азийн наадамд ганц ч алтан медаль хүртэж чадаагүй Японы эмэгтэй бөхчүүд Будапештэд дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай 156 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, БНХАУ 119 (1 алт+ 4 хүрэл), АНУ 103 (1 алт+1 мөнгө+2 хүрэл) оноогоор удаалав.


 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН

50 кг (23 бөх)

1. Юи Сүсаки (Япон)
2. Мария Стадник (Азербайжан)
3. Сун Янан (БНХАУ), Оксана Ливач (Украин)
9. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Монгол)


53 кг (24)

1. Харүно Окүна (Япон)
2. Сара Хильдбрандт (АНУ)
3. Пан Киану (БНХАУ), Диана Мэри Уикер (Канад)
10. Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол)

55 кг (22)

1. Майю Мүкаида (Япон)
2. Залина Сидакова (Беларусь)
3. Йон Ми Йон (БНСУ), Монтеро Эррера (Куба)
9. Эрхэмбаярын Даваачимэг (Монгол)

57 кг (26)

1. Рон Ниннинг (БНХАУ)
2. Бильяна Дудова (Болгар)
3. Эмесе Барка (Унгар), Данда Поожа (Энэтхэг)
22. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол)

59 кг (22)

1. Рисако Кавай (Япон)
2. Элиф Есилирмак (Турк)
3. Баатаржавын Шоовдор (Монгол), Пей Шинру (БНАХАУ)

62 кг (26)

1. Тайбе Юсейн (Болгар)
2. Юкако Кавай (Япон)
3. Мэллори Вельт (АНУ), Юлья Ткач (Украин)
7. Энхбатын Гантуяа (Монгол)

65 кг (23)

1. Петра Олли (Финланд)
2. Даниэль Лаппаж (Канад)
3. Ирина Нетреба (Азербайжан), Аяна Жемпей (Япон)
8. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)

68 кг (27)

1. Алла Черкасова (Украин)
2. Кумба Ларрок (Франц)
3. Зоу Фенг (БНХАУ), Тамира Мынса (АНУ)
7. Соронзонболдын Батцэцэг (Монгол)

72 кг (18)

1. Жюстина Ди Стасио (Канад)
2. Очирбатын Насанбурмаа (Монгол)
3. Бусе Тосун (Турк), Мартина Кюнц (Австри)

76 кг (23)

1. Аделин Грей (АНУ)
2. Ясмин Адар (Турк)
3. Хироэ Сүзүки Минагава (Япон), Эрика Уибе (Канад)
9. Гилэгжамцын Наранчимэг (Монгол)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top