Жүдо бөхийн дэлхийн цувралын нэг болох Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр /2018.10.27/ эхэлж байна. Тус тэмцээн энэ жилийн дөрөв дэх “Их дуулга”. Тэмцээнд 62 орны 348 жүдоч барилдах ба Монголын шигшээ багийг эмэгтэйчүүдийн -48 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрчүүдээс Г.Одбаяр /73 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/ , Б.Тэмүүлэн /+100/ нар төлөөлнө.
Уг нь ОУХМ Д.Төмөрхүлэгийг Абу Дабигийн “Их дуулга”-д оролцоно хэмээж байсан ч тэрбээр тэмцээнийг өнжсөн бололтой.
Өнөөдөр барилдаж буй М.Уранцэцэгийн хувьд дэлхийн чансааны гурав бичигдэж байгаа. Манай бөх энэ удаа А хэсгийг тэргүүлж барилдсан ба эхний хэсэгт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Бельгийн бөхийг ялсан. Дөнгөж сая Португалийн жүдочийг ялж, хэсгийн аварга боллоо. Энэ жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгийн хувьд Хятадын бөх Ли Ян Анд хоёрдугаар тойрогт ялагджээ.
Тэмцээн үргэлжилж байна.М.Уранцэцэг удахгүй хагас шигшээд өрсөлдөнө.
Манай бусад бөхчүүдийн тухайд маргааш Г.Одбаяр, Н.Дагвасүрэн нар, харин тэмцээний сүүлийн өдөр Б.Тэмүүлэн зодоглоно. Абу Дабигийн “Их дуулга” аравдугаар сарын 27-29-нд болно.
Сэтгэгдэл ( 0 )