”Virtuoso 2018” - Гарамгай хөгжимчдийн гайхамшиг бэлэглэсэн үдэш

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

Бидний амьдрал үргэлж ямар нэгэн хөг аялгуугаар дүүрэн явдаг. Дүүрэн биш үедээ дутагдаж, гачигдаж байдаг. Тиймээс л хөгжмийн зэмсгээс гарч буй аялгуу бүхэн хүний зүрх сэтгэлийг баясгаж, таашаал цэнгэлийг мэдрүүлдэг. Зарим хөгжмийг сонссон даруй амрах мэт болдог бол зарим нь гүнд бодолд автуулж, гуниг төрүүлэх нь ч бий.

Монголын сонгодог хөгжимд дурлагчид, үнэнч фэнүүд "Виртуозо"-гийн үдшийг хүсэн хүлээдэг болсоор 15 жилийг ардаа үджээ. Тэгвэл өчигдөр /2018.10.31/ "Виртуозо гала концерт 2018" Улсын филармонийн концертын танхимд болж, хүсэн хүлээсэн хөгжим сонирхогчид цуглалаа. "Виртуозо"-д тухайн жилдээ өөрийн орон болоод олон улсад амжилт гаргасан хамгийн шилдэг, мэргэжлийн хөгжимчид нэгэн тайзнаа цуглан Монголын болоод дэлхий дахинд суу билэг нь тархсан хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглодог уламжлалтай юм.

 

Энэ жилийн "Виртуозо" хөгжмийн үдшийг Консерваторийн дэргэдэх Хөгжим бүжгийн коллеж /ХБК/-ийн V ангийн сурагч, хийлч Э.Хануй эхлүүлэв. Арван настай Э.Хануй 2018 онд Чех улсад болсон тус улсын алдарт хийлч Я.Косьяны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын 60 дугаар уралдаанд III байр эзэлсэн амжилтаараа “Виртуозо гала концерт 2018”-д уригджээ.

Нийт 12 хөгжимчин лимбэ, бишгүүр, морин хуур, ёочин зэрэг үндэсний хөгжмийн зэмсгээс гадна хийл, төгөлдөр хуур, виолончель, фагот, цохивор зэрэг сонгодог хөгжмийн зэмсгээр гарамгай тоглож, нэгэн үдшийг гайхалтай хөг аялгуугаар аялуулав.

"Виртуозо гала концерт 2018"-ийн "Виртуозо" нэр хүндтэй шагналын эзнээр ёочингийн гоцлол толилуулсан Т.Өлзийжаргал тодорсон билээ. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, Консерваторийн багш бөгөөд Ёочин болон ёочин төст хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааны мэргэжлийн, насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байр эзэлж байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top