Сагсан бөмбөг 3х3: Өсвөрийн ДАШТ-ийг Монголд зохион байгуулах эрх авлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 03

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн 18 хүртэлх насны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг 2019 оны зургадугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ шийдвэрлэжээ. 2011 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдох болсон тус тэмцээн энэ онд “Буэнос Айрес 2018” залуучуудын олимпийн жил таарсан тул өнжсөн юм. Өмнө нь Италийн Римини (2011), Испанийн Алькобендас (2012), Индонезийн Жакарта (2013), Унгарын Дебрецен (2015), Казахстаны Астана (2016), БНХАУ-ын Ченду (2017) хотод болж байв.

Монголын өсвөрийн шигшээ баг ДАШТ-д оролцож байгаагүй. Харин 2019 онд нутагтаа зохион байгуулснаар анх удаа Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх боломж бүрдэх нь ээ.

Өсвөрийн ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20 баг өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн цагариг руу довтлох тэмцээн, эмэгтэйчүүдийн ур чадварын тэмцээн, холимог багийн шидэлтийн тэмцээн зэрэг болох юм.

Тус тэмцээнд энэ сарын 1-нд гэхэд чансаагаар эхний 20-д багтсан багууд өрсөлдөх эрх авна. Одоогоор Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаар есдүгээрт, эмэгтэй шигшээ баг чансаагаар 12 дугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: МҮСБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top