Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин өрсөлдөж, блиц төрөлд Б.Есүй аваргалсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэмцээний үндсэн төрлийн дүн гарахад охидын өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Баярын Мишээл 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдож, нийт 14 оноо авсан амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр ОХУ-ын Ольга Балуковатай адилхан оноотой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр ард нь бичигдэв. Б.Мишээл өмнө нь 2016 онд Туркийн Измирт зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан юм.
Тэмцээний охидын 8-10 насны ангилалд гараанаас эхлэн тэргүүлсэн Б.Есүй есдүгээр тавилдаа Беларусийн тамирчинд харамсалтайгаар хожигдон, коэффициент тоолоход IV байр эзэллээ. Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байранд шалгарсан байна. Хэрвээ хожсон бол хүрэл медаль хүртэх байлаа. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )