Тажикстан улсын Душанбэ хотноо зохиогдож байгаа 2020 оны Зуны олимпийн наадамд оролцох эрхийн төлөөх өрсөлдөөний хэвлэлийн бага хурал өчигдөр /2018.10.03/ боллоо. Хэвлэлийн бага хуралд нэг хэсэгт бичигдсэн Тажикстан, Тайван, Сингапур, Филиппин болон Монголын шигшээ багуудын ахлах дасгалжуулагч нар оролцсон юм.
Ц.ГАНБОЛД: БИДЭНД ТОМ БОЛОМЖ БИЙ
Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд "Чухал тэмцээнд оролцохоор Тажикстан улсад ирсэндээ баяртай байна. Энэ бол манай багийн оролцож байгаа хоёр дахь олон улсын тэмцээн. Бусад багуудын талаар хангалттай судалж чадсангүй. Гэхдээ Тажикстан улсын цаг агаар Монголын цаг агаартай төстэй учраас бид өөрсдийн тоглолтыг гаргаж чадах байх. Охид маань формтой байгаа. Хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна" гэж ярьжээ.
Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг "Токио 2020" олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр 2018.10.30-нд Тажикстан улсыг зорьсон.
Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайванийн багтай "А" хэсэгт өрсөлдөнө. Тэмцээний эхний тоглолт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд болох ба манай охид талбайн эзэн Тажикстантай өрсөлдөнө.
Цаашлаад, хоёр дахь тоглолтод арваннэгдүгээр сарын 06-нд Сингапуртай, гурав дахь тоглолтод арваннэгдүгээр сарын 08-нд Тайваний багтай тоглох хуваарьтай байна.
Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээн нь Монголын эмэгтэй хөлбөмбөгчдийн анх удаа оролцож буй хамгийн том тэмцээн төдийгүй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний II шатны бэлтгэл болж байгаагаараа онцлогтой.
Сэтгэгдэл ( 1 )
Аль сувгаар гарах вэ? Бас хэдээс .?