“Токио 2020” олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөж байгаа Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өчигдөр (2018.11.06) Сингапурын багтай тоглож, 2:2 харьцаатай тэнцлээ.
Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан тоглолтын нэгдүгээр үеийн санаачлагыг бүрэн гартаа авч, эхний 45 минутад хоёр ч гоол оруулж чадлаа. Манай шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч Б.Намуун ердөө дөрөв дэх минутад тооны харьцааг нээж, 37 дахь минутад Т.Ундрал багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм.
Уг хоёр гоолыг оруулахаас гадна 11 метрийн торгуулийн цохилт алдаж, бүхий л талаараа илүүрхэж эхний хагасыг өндөрлүүлсэн ч шийдвэрлэх үе хүссэн шиг байсангүй. Тодруулбал, хоёрдугаар үед Сингапурын багийнхан хоёр гоол нөхөж оруулан, үндсэн цаг 2:2-оор өндөрлөлөө.
Хэдийгээр хоёр гоолын зөрүүгээр хожиж яваад тэнцсэн ч энэ тэнцээ Монголын шигшээ багийн олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээнээс авсан анхны оноо болон түүхэнд тэмдэглэн үлдэж байгааг дурьдах нь зүйтэй. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхийг нэр төртэй бичиж яваа шигшээ багийнхандаа дараагийн тоглолтод нь амжилт хүсье.
Эх сурвалж: МХБХ
Сэтгэгдэл ( 0 )