Олимпийн анхдагч алдартнууд өсвөрийн тамирчидтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Олимпийн наадамд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, дэлхийд таниулсан 1964, 1968 оны өвөл, зуны олимпод оролцсон ахмад тамирчдад Биеийн тамир, спортын дунд сургуулийн хамт олон хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Цэнд, олон улсын хэмжээний мастер Р.Алданыш, Олон улсын хэмжээний мастер Я.Баатар, Д.Норолхоо, Монгол улсын Гавьяат тамирчин, Ардын багш, Монгол улсын харцага Д.Сэрээтэр зэрэг олон ахмад буурлууд өсвөрийн тамирчидад үнэт зөвлөгөөгөө хайрласан юм.

Аливаа амжилт бүхэн гурван үеийн алтан хэлхээн дээр тогтдог. Ахмад үеийн хөдөлмөр зүтгэлийн үр шим, түүхэн замнал, бахархан дуурайх үлгэр жишээ бүхэн хойч үеийн хүүхэд, залуучуудад юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ болдог билээ. Спортын төв сургууль, Монголын үндэсний олимпийн академийн удирдлага, хамт олон багш, сурагчдад 1964, 1968 оны өвөл, зуны олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг, тамирчдын төлөөлөл болох ахмад буурлууд өсвөрийн тамирчидтай уулзах үеэрээ энэ тухай онцолж байв. 


Х.БАЯНМӨНХ: Спортын түүхэн дэх алтан үсгээр бичигдсэн сургууль байх ёстой

-Миний бие энэ арга хэмжээнд хэд хэдэн удаа оролцож байна. Биеийн тамир, спорт гэдэг бол гайхамшигтай, сайхан зүйл байдаг юм. Би хурд хүч, зориг, ухаан санаа, бие бялдар гээд олон чухал авьяасыг эзэмшдэг. Биеийн тамир, спортын мэргэжилтэй хүн гэдэг бол насан туршдаа баяр наадам, цэнгэл, гоо сайхан, эр зориг, туг далбаа намирсан сайхан үйл явдлын дотор амьдардаг юм. Би өнөөдөр энд ирсэн явдалдаа туйлын баяртай байна. Спортыг хөгжүүлье гэвэл тусгай сургалттай биеийн тамирын дунд сургууль заавал байх ёстой гэдэг саналыг одоогоос 15 жилийн өмнө шинжлэх ухааны доктор Х.Лхагвасүрэн гуай онцлон ярьдаг байсан юм. Тэр хүн бид хоёр хоёулаа энэ саналыг тавьдаг байсан. Монгол Улс тусгай сургалттай спортын дунд сургуультай болох ёстой гэж үгээ хэлдэг байсан. Ингээд залуухан эрдэмтэн Ч.Зоригтбаатар гэж хүний зүтгэлээр энэ сургууль байгуулагдсан. Монголын спортын түүхэнд анхны алтан үсгээр бичигдсэн сургууль байхгүй бол болохгүй шүү гэдгийг та бүхэндээ захья.


Д.СЭРЭЭТЭР: Сэтгэл ариун байвал зорьсондоо хүрч чадна

-Өнөөдрийн энэ арга хэмжээ жил бүр зохион байгуулдаг. Ч.Зоригтбаатар багш Биеийн тамирын дээд сургуулийн захирал байсан хүн. Өөрөө  олимпизм, олимпийн сургалт, биеийн тамирын спортын уламжлалыг авч явах тал дээр анхаардаг хүн байгаа юм. Цаашилбал, Ч.Зоригтбаатар багш залгамж халаа бэлтгэх энэ сургуулийг байгуулсан нь ахмад боло залуу үеэ холбосон сайн туршлага. Бидний дараагийн үеийн тамирчдыг бэлтгэдэг ийм сайхан сургууль билээ. Ганцхан өнөөдөр ч биш олон жил ахмад тамирчдаа хүлээн авч, залуу үетэйгээ уулзуулж, ахмад үеийнхээ туршлагыг хуваалцаж, амжилтыг нь ойлгуулж, залуучуудынхаа гаргасан амжилтыг бидэнд харуулдаг ийм өдөртэй билээ, бид.  Дүү нартаа энэ сайхан сургуульд сурч байгаагийн хувьд ахмадуудаа хүндэтгэж, багш нарынхаа үгэнд сайн орж, оюун ухаанаа эрүүл саруул байлгах хэрэгтэй юм шүү гэдгийг захья. Монгол хүн цусандаа авьяастай чадалтай, ганц спортоор ч биш оюун ухаанаар бусад зүйлсээр илүү байж чадна.


Монгол улсаа төлөөлөн 1964, 1968 оны өвөл, зуны олимпийн наадамд оролцсон баг, тамирчдад хүндэтгэл үзүүлэх
ёслолын арга хэмжээнд оролцсон ахмад тамирчид

Зуны олимпийн наадамд оролцсон тамирчид

1968 оны Олимпийн наадмын анхны хүрэл медалийн эзэн, Монгол улсын Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав

1968 оны Олимпийн наадмын хүрэл медальт, Монгол улсын Ардын багш, Гавьяат тамирчин Монгол улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэр

1972 оны Мюнхений олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улс, ЗХУ-ын спортын гавьяат тамирчин, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, Дархан аварга Хорлоогийн Баянмөнх

1964 оны Олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр оролцогч, ОУХМ, Монгол Улсын заан Ц.Санжаа

1964 оны Олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр оролцогч, ОУХМ, Монгол Улсын заан Б.Санжаа

1964 оны Олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр оролцогч, ОУХМ, Д. Амарсанаа

1964 оны Олимпийн наадамд хөнгөн атлетикийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Р.Алданыш

1964,1968 оны олимпийн наадамд буулагын спортын төрлөөр оролцогч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Мягмаржав

1968 оны олимпийн наадамд гимнастикийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Д.Норолхоо

1964 оны олимпийн наадамд дугуйн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Я.Баатар

1964 оны олимпийн наадамд дугуйн спортын төрлөөр оролцогч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Даржаа


 Өвлийн олимпийн наадамд оролцсон тамирчид

1964, 1968 оны өвлийн олимпийн наадамд цанын спортын төрлөөр оролцогч, ОУХМ Л.Дашдэмбэрэл

1964 оны өвлийн олимпийн наадамд цанын спортын төрлөөр оролцогч, ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Зундуй

1964 оны өвлийн олимпийн наадамд цанын спортын төрлөөр оролцогч, ОУХМ, Д.Пүрэвлоов

1968 оны өвлийн олимпийн наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Г.Батмөнх

1964, 1968 оны өвлийн олимпийн наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцогч ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Цэнд

1968 оны өвлийн олимпийн наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Б.Жамбаа

1968 оны олимпийн наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцогч, ОУХМ Д.Дашдаваа

1964 оны өвлийн олимпийн наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцогч,  Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Лхамжав

Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top