Монголын боксын спортын алтан үеийн нэгэн шилдэг тулаанч ширэн бээлийгээ тайлж, үүрд амгалан нойрслоо. Тэр зоригтой, дайчин, уран тоглолтоороо дэлхийд гайхагдсан хүчирхэг тамирчин байсан. Тэр бүхний хайрыг татсан, бүгдтэй найрсаг нөхөрлөдөг зөөлөн, цагаан сэтгэлийн туйл байлаа.
Боксын спортын Олон улсын хэмжээний мастер, Ази тивийн аварга, Азийн шилдэг боксчин Зоригтбаатарын Энхзориг зуурдаар таалал төгсч, Монголын спорт, түүний гэр бүл, анд нөхөд, хамт олон нь өнөөдөр /2018.11.09/ эрхэм түүнтэйгээ салах ёс хийлээ. Хөлс, хүч шингэсэн Спортын төв ордноос нь амжилт, ялалтынх нь ард дандаа эгшиглэдэг байсан Төрийн дууллаараа үдэн, түүнийг бурхан зүг илгээлээ. Ум сайн амгалан болтугай.
Зоригтбаатарын Энхзориг нь 1987 оны хоёрдугаар сарын 27-нд Эрдэнэт хотод төрсөн.
1995-2005 онд 10 жилийн 14-р дунд сугуульд суралцаж төгссөн. 2007-2011 онд “Зохиомж” дээд сургууль, 2009-2013 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус дүүргэсэн.
Боксын спортоор 2000 оноос хичээллэж, анх дасгалжуулагч Д.Хүдэрбаатарын шавь болсон ба 2002 оноос “Сүлд” спорт хорооны дасгалжуулагч Д.Ганзоригийн удирдлага дор хичээллэн, 2005 онд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин болжээ.
ОУХМ цолтой. Боксын 51-57 кг-ын жинд өрсөлддөг байсан.
Монгол Улсын 7 удаагийн аварга, УАШТ-ий хүрэл медальтай /2003/. Монголын бүх ард түмний спартакиадын алт /2008/, мөнгөн /2004/ медальт. Монгол Улсын залуучуудын хошой аварга /2004, 2005 он/ тамирчин байв.
БНСУ-д зохиогдсон залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг тэрээр 2004 онд хүртэж байлаа.
2007 оны Ази тивийн аварга. Азийн шилдэг боксчин.
Азийн спортын XV наадмын мөнгө /2006/, Чехийн Гранпри тэмцээний алт /2007/, ОХУ-д болдог “Өвөр Байгаль” тэмцээний алт /2003/, мөнгө /2005/, Буриадын Иосиф Кобасны нэрэмжит тэмцээний алт /2005/, Улаанбаатар хотноо болсон Гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн нэрэмжит олон улсын тэмцээний алт /2007/, ЗХУ-ын баатар К.А.Коротковын нэрэмжит тэмцээний алт /2008/, Монголын боксын холбооны 60 жилийн ойн нэрэмжит тэмцээний алтан медаль гээд олон улсын тэмцээнд аваргалж байсан түүний амжилтууд олон.
ХБНГУ-д болдог “Химийн цом” тэмцээний хошой хүрэл /2006, 2007/, Украинд болдог Макар Мазайн нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медалийг /2008/ тэрээр мөн хүртэж байсан юм. 2007 онд АНУ-ын Чикаго хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн, амжилттай оролцож байсныг бид мартах учиргүй.
2008 онд Казахстаны нийслэл Астана хотноо болсон Азийн боксчдод олимпийн эрх олгох II тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Бээжингийн олимпийн наадамд оролцох эрхээ хүртэж байсан юм. Улмаар 2008 оны наймдугаар сарын 9-24-ний өдрүүдэд Бээжин хотноо болсон Зуны олимпийн XXIX наадамд 57 кг-ын жинд оролцон, хүрэл медалийн төлөө өрсөлдөн, шагнал V байрт шалгарч байсан түүний амжилтыг олимпийн медаль хүртсэнээс өөрцгүй хэмээн дэлхийн тамирчид хүлээн зөвшөөрдөг билээ.
Төр засгаас З.Энхзоригийн боксын спортод гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлж, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас зэрэг төрийн дээд одон медалиар шагнаж байжээ.
Талийгаачийн гэр бүл, дотны нөхөд, Боксын шигшээ баг, үе үеийн боксчид, түүнийг хүндлэн дурсаж суугаа үнэнч дэмжигч олон түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 15 )
гүнээ харамсал илэрхийлье. ум ма ни бад ми хум..
Um sain amgalan boltugai
ум ма ни бад ми хум
Ямар харамсалтай юм бэ?. Ум сайн амгалан болтугай.
uneheer haramsaltai yumaa um sain amgalan boltugai burhan arai l ert duudchihlaadaa
haramsaltai bn. hudree baigshiin udirdlaga door hamt beltgel hiij baisan ue sayhan met sanagdah ym. um sain amgalan boltugai
Um sain amgalan boltugai
Хөөрхий дөө, ум сайн амгалан болтугай
yu boloov ee duu mini,um maani badmi hum
Ум маани бадми хум.
Хэзээ ийм юм болчихвоо. Үнэхээр харамсалтай байна.
Um sain amgalan boltugai
Ум ма ни бад мэ хум. Харамсалтай юмаа хайран хүү.
Ум сайн амгалан болог