“Будапешт-2018” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд 57 кг-д Казахстаны тамирчин Нурислам Санаев мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл тэрбээр тус тэмцээнээс цор ганц медалийг эх орондоо авчирсан гавьяагаа хоёр өрөө байраар үнэлүүллээ. Актобе хотын амбан захирагч Бердибек Сапарбаев түүнийг хүлээн авч уулзахдаа “Батыс-2” хотхоны байрны түлхүүрийг гардуулан өгсөн байна. Тувагийн Чадан нутгийн хүү Санаев 2014 оноос эхлэн Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа аж.
Дашрамд сонирхуулахад эрэгтэйчүүдийн 51 дэх удаагийн тэмцээн буюу “Будапешт-2018” ДАШТ-д 63 орны 272 тамирчин 10 жинд өрсөлдсөн юм. Манай улсаас 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга эрчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирсан билээ.
Будапештийн дэвжээнд эрчүүдийн өрсөлдөөн олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон. Олимп, дэлхийн аварга Жордан Барроуз (АНУ), Хассан Яздани (Иран) түрүүлж чадаагүйгээр зогсохгүй, олимп, дэлхийн аварга Таха Акгуль (Турк), Владимир Хинчегашвили (Гүрж), Шариф Шарифов (Азербайжан), дэлхийн гурван удаагийн аварга Гажи Алиев (Азербайжан), дэлхийн хошой аварга Франк Чамизо (Итали) нар медальгүй хоцорсон юм.
Өнгөрсөн жил Парисын ДАШТ-д түүхэндээ байгаагүй тааруухан оролцож, ганц ч алтан медальгүй нутаг буцсан Оросууд Будапештаас дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, 178 оноо авч багийн дүнгээр тэргүүллээ. Харин өнгөрсөн жил багаараа өнгөлсөн АНУ алт-3, мөнгө-1, хүрэл-3 хүртэж, 105 оноогоор удаалсан бол Гүржийн бөхчүүд гутгаар байрыг эзэлсэн. Тус тэмцээнд манай эрэгтэй бөхчүүд 63 орноос багийн дүнгээр 57 оноогоор долдугаар байрт орсон билээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
manaih 7d orson ni sain bna