ХОВД: “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид ажиллав

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

 Сайн дурын ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулах, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцох, сайн дурын ажилтан ажиллуулах хүсэлтэй байгууллагуудын судалгаа хийх зорилгоор БНСУ-ын “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Жу Хэн Нанаар ахлуулсан ажлын хэсгийнхэн арваннэгдүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав.  “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын сайн дурын есөн ажилтан Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Хөгжил политехник коллеж, Эрүүл мэндийн газарт ажиллажээ.

Тус ажлын хэсэг аймгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ч.Уранчимэг, БНСУ-ын “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Жу Хэн Нан, “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Сайн дурынхны хөтөлбөр хариуцсан менежер Кан Жи Ён, тус төлөөлөгчийн газрын Хуулийн мэргэжилтэн Д.Лхагвадорж, тус төлөөлөгчийн газрын Сайн дурынхны хөтөлбөр хариуцсан ажилтан Ц.Төмөрчулуун, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа, Гадаадын иргэн, харьяатын газрын Баруун бүс дэх газрын дарга Г.Эрдэнэзаяа болон бусад албаны мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын хүрээнд “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын орон нутагт хэрэгжүүлж буй төсөл, цаашдын хамтын ажиллагаа, сайн дурын ажилтнуудын орон нутагт ажиллах орчин нөхцөл, аюулгүй байдлыг сайжруулах талаар ярилцаж, аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үе шаттайгаар хамтран ажиллах, сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхэд талууд санал нэгдэв.

Мөн оролцогчид аймгийн Насан туршийн боловсролын төв, цэцэрлэгүүдийн хичээлийн хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өсвөр насны хүүхдүүдэд зориулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, хүмүүжлийн ажлыг  хамтран зохион байгуулах зэрэг  саналуудыг  илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top