Төрсөн өдрийн мэнд хүргэе, Театртаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын төрсөн өдөр тохиож байна. 1921 оны Ардын хувьсгалын дараа ард олныг соён гэгээрүүлэх зорилгоор сайн дурын уран сайханчид болон клуб, ардын цэнгэлдэх хүрээлэн байгуулагдаж, улмаар 1930-аад онд хуучнаар ЗХУ-аас мэргэжилтэн сургагч багш нар ирж театр, урлагт сонирхолтой, авъяаслаг залуучуудыг сонгон, студи байгуулж байжээ. Ингээд 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны шийдвэрээр Улсын төв театр байгуулагдсан юм. Анхны уран бүтээлчдээр ажиллаж асан Ё.Шаравдоо, Ц.Цэгмид, Д.Цэрэндулам, З.Цэндээхүү, Д.Ичинхорлоо, Д.Чимид-Осор нарын олон уран бүтээлчдийг театрын түүхэнд “Алтан үеийнхэн” хэмээн нэрийддэг. Алтан тайзан дээр хамгийн анх С.Буяннэмэхийн “Үнэн” жүжиг тоглогдож байв.

Ийнхүү Монгол оронд орчин цагийн мэргэжлийн театр буй болж, Монголын үндэсний соёлын түүхэнд, нүүдэлчин ардын оюуны ертөнцөд нэгэн шинэ хуудас нээгдсэн билээ. Энэ цагаас хойш Монголын театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хэд хэдэн үе өсч өндийн, давтагдашгүй түүхийн баялаг өв уламжлалаа хойч үедээ үлдээж, уран бүтээлээ туурвисаар байна.

Өнөөдөр Улсын драмын эрдмийн театр 87 нас хүрч буй түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байгаа юм.

Өдгөө Улсын драмын эрдмийн театрын урын санд Софокл, В.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, В.Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, Б.Брехт, Ж.П.Сартр, О.Нил, Р.Тагүр Г.Ибсен, В.Хюго зэрэг дэлхийн сонгодог зохиолчдын болон Д.Намдаг, Ч.Лодойдамба, Л.Ванган, Ч.Чимэд, Д.Мягмар, Д.Батбаяр, С.Жаргалсайхан, Б.Лхагвасүрэн нарын үндэсний шилдэг зохиолчдын 400 гаруй сор бүтээлийг хадгалаж их тайзнаа тоглон жилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулан, бүтээн туурвисаар байна.

Драмын театр тун удахгүй шинэхэн уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэл сургуулилтаа хийн ажиллаж байгаа гэнэ. Театрын нийт уран бүтээлчид, хамт олонд баярын мэндийг хүргэе.

"Нора хүүхэн" жүжгийн хэсгээс


 

"Ромео Жульетта" жүжгийн хэсгээс


 

"Би эндээс явахгүй" жүжгийн хэсгээс


 

"Чөлөөт хос" жүжгийн хэсгээс


 

"Эдип хаан" жүжгийн хэсгээс


 

"Кихот ноён" жүжгийн хэсгээс


 

"Гамлет" жүжгийн хэсгээс


 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top