"Токио-2020" зуны олимпийн наадамд шинээр каратегийн спорт нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсад энэхүү спортоор амжилт гаргах боломжтой тамирчдыг сонгон шалгаруулж байна. Энэ хүрээнд МҮИС супер каратедогийн салбар сургуулийг байгуулж, урилгаар Япон улсын мэргэжилтэн, дэлхийн Кошики Каратедо холбоог үүсгэн байгуулагч, 10 дант, Со-Шинхон доктор Масаюуки Кукан Хисатакаг ажиллуулж байна.
Монголын үндэсний их сургуулийн 20 жилийн ойг угтан "Супер каратедо" олон улсын анхдугаар тэмцээн 11-р сарын 16-18-ны өдрүүдэд МҮЭСТО-ы спорт зааланд болох юм. Тэмцээний бүртгэл энэ сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд даваа гарагт тэмцээний хэвлэлийн хурал зохион байгуулагдлаа.
Хэвлэлийн хуралд Монголын олимпийн каратегийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Энхбаяр, МҮИС-ийн төлөөлөгч багш, олон улсын таеквондогийн шигшээ багийн тамирчин, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Ази тивийн аварга, ОУХМ Б.Отгонбаяр, Япон мэргэжилтэн Масаюуки Кукан Хисатака, Монголын олон улсын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил, тэмцээн зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Х.Түвшинжаргал нар оролцлоо.
МҮИС нь 11 бүрэлдэхүүн сургууль, 700 гаруй эрдэмтэн багш, 15000 гаруй оюутан, хичээлээс гадна оюутныг 4 талт хөгжлөөр хөгжүүлэх 200 клубтэй юм байна. Супер Каратедо олон улсын анхдугаар тэмцээнд амжилттай оролцож нэгдүгээр байранд орсон тамирчид МҮИС-д бакалавр болон магистрын зэргээр нэг жил үнэгүй суралцах эрх, мөнгөн медаль хүртсэн тамирчид сургалтын төлбөрийн 50%, хүрэл медаль хүртсэн тамирчид 30% хөнгөлөлтийн эрхээр шагнуулах юм. Мөн түүнчлэн тэмцээнд ур чадвараараа түүчээлсэн тамирчид Монголын каратедогийн шигшээ багийн эгнээнд нэгдэх болно.
Сэтгэгдэл ( 0 )