С.Цэрэнчимэд ДАШТ-ээс 4 насны ангилалд медаль хүртсэн анхны бөх боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

Бөхийн чөлөөт барилдааны 23 хүртэлх насны ДАШТ-ий 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн наадам болон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ болон Монгол Улсын гурван удаагийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр өчигдөр орой /2018.11.16/ Бухарестаас Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирснаас гадна дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд анхны тамирчин болж байна.

С.Цэрэнчимэд “Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, “Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртэж байв.

Манай бөх Румынд 1/8 шигшээд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр, шөвгийн наймд Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн дэд аварга Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий хошой хүрэл медальт, Азербайжаны Алона Колесникийг туршлага заан, 11:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү Бухарестэд Монголын эмэгтэй бөхчүүд бүтэн багаараа оролцож, гурван тамирчин хүрэл медаль хүртэж, гурав нь шагналт тавдугаар байрт орсон амжилттай өндөрлүүллээ.

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий манай баг тамирчдын анхны хүрэл медалийг өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд авчирсан бол эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа мөн хүрэл медалийн эзэн болсон юм.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүхбаатар(202.126.89.202) 2018 оны 11 сарын 17

Маш том амжилт.”Ангийнхаа охин”-ы мундаг охинд баяр хүргэе.

0  |  0
Top