Жүдо: Гавьяатууд хамтдаа медалийн тавцанд зогслоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

 

Нидерландын Гаага хотноо өчигдөр /2018.11.16/ Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн Гран При тэмцээн эхэлж, уламжлал ёсоор эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан боллоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар хоёул медалийн тавцанд зогсож, ээлжит амжилтаа үзүүлэв.

Д.Амартүвшин Болгар, Сири, Бразилын бөхчүүдийг ялж, “С” хэсгийн аварга болсон. Харин хэдхэн хоногийн өмнө Узбекстанд болсон “Ташкентийн Гран При”-д түрүүлсэн, Гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар энэ удаа АНУ, Нидерланд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсноор мөн хагас шигшээд үлдсэн юм.  Ингээд Монголын хоёр шилдэг жүдоч хоорондоо өрсөлдөж, энэ барилдаанд Д.Амартүвшин ялснаар Японы Аоки Даитай аваргын барилдах болсон. Улмаар Гавьяат тамирчин Д.Амартүвшин өрсөлдөгчөө ялснаар алтан медалийн тавцанд зогслоо. Харин Г.Болдбаатар гавьяатын хувьд Бразилын жүдоч Китадай Фелипийг ялж, хүрэл медаль хүртлээ. 

Манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Алтансүх хэсгийн аварга болж, хагас шигшээд үлдсэн ч Израилын Баруч, Германы Себастианд ялагдан шагналт тавдугаар байр эзлэв. Мөн энэ жинд барилдсан Д.Төмөрхүлэг гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгалаа. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдсан ч хоёрдугаар тойргоос цааш барилдаан хийж чадсангүй.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Чинзориг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдана.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top