Өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд долоо дараалсан түрүүгээ авсан ёкозүна Хакүхо энэ сарын 23-наас эх орондоо амрахаар ирээд байгаа билээ. Японы сэтгүүлчдэд "Эх орондоо сайхан амрах бодолтой байна" хэмээн ярьж байсан Хакүхо элдэв арга хэмжээнд оролцсоор амарч чадахгүй харих шинжтэй. Энэ сарын 24-нд Улаанбаатар хотын захиргаанаас урьсан газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сэндай мужийн иргэдтэй уулзаж, оройн хоол хамт идсэн бол өдөр нь Улаанбаатар хотын төрөх газарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн тэрэг бэлэглээд зогсож байлаа. Харин өчигдөр буюу 25-ны өдөр өөрийн сурч байсан сургууль нийслэлийн нэгдүгээр сургуульд зочиллоо. Хакүхо энэ сургуульд сурч байгаад төгсөхөөсөө өмнө сумоч болохоор арлын Япон орныг зорин одсон гэнэ. Харь оронд очоод аварга болоод эргэн ирсэн шавиа багш нар нь халуун дотно угтаж, Хакүхо сургуульдаа башёд түрүүлсэн бөхөд "Майничи" сониноос олгодог хөрөг зургийг бэлэглэсэн байна. Энэхүү хөрөг нь түүний 2010 оны Нагоя тэмцээнд ганц ч өвдөг шороодоогүй түрүүлээд авсан шагналын зураг юм. Хакүхо орой нь 10 жилийн ангийхныгаа Улаанбаатар хотын нэгэн тансаг зоогийн газарт урьсан байна.
Эх сурвалж: Таван цагариг сонин
Сэтгэгдэл ( 0 )