Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон эмэгтэй боксын 10 дахь удаагийн Дэлхий аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ 10 хоногийн турш үргэлжилж, өчигдөр /2018.11.24/ өндөрлөсөн билээ. 267 тулааны эцэст 10 шинэ аварга төрж, 21 орны боксчин медалийн тавцанд гарчээ.
Монголын шигшээ баг тус тэмцээнд долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, ОУХМ М.Нандинцэцэг /54 кг/хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, боксын ОУХМ М.Нандинцэцэг Хорватын боксчин Зельяна Питесаг хугацаанаас нь өмнө тоолуулж, техникийн ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Ингээд тэрбээр жингийн хүрэл медалийн төлөөх тулаанд Мароккогийн боксчин Зохра Эз-Захроуг 5:0 харьцаагаар илүүрхэн ялснаар медалийн болзол хангаж, дэлхийн медальтан болсон Монголын анхны эмэгтэй боксчин болсон билээ. Харин баасан гаригт болсон мөнгөн медалийн төлөөх тоглолтод Болгарын боксчин Стойтка Петровад 5:0 харьцаагаар ялагдал хүлээв.
Өчигдөр /2018.11.24/ манай тамирчин хүрэл медалиа гардаж авлаа. Медалийн өнгөө хувиргаж чадаагүй ч М.Нандинцэцэг Монголын боксын спортод нэгэн шинэ түүх бичин, өнөөдөр /2018.11.25/ эх орондоо ирэх гэж байна.
Шигшээ багийн тамирчид өнөөдөр 18.00 цагаас "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардана.
Б.ТУЯА
Сэтгэгдэл ( 1 )
Мундаг тун удахгүй аваргууд тѳрцгѳѳнѳѳ.