ОУХМ О.Үйтүмэн Тараст дахин төрийн дууллаа эгшиглүүллээ

2018 оны 11 сарын 26

Динмухамед Кунаевын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн  арваннэгдүгээр сарын 23-25-нд Казахстаны Жамбул мужийн Тарас хотын “Тарас арена”-д болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, спортын мастер Б.Далайбаяр гэсэн таван тамирчин хүч үзсэн юм.

Тэднээс 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө, Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн алтан медалийн эзэн болж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
 

Тэрбээр эзэн орны Нурдаулет Коктеубаев, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Азамат Даулетбеков, өсвөр үеийн дэлхийн болон залуучуудын Азийн аварга Эльхан Ассадов нарыг тус тус ялж, дөрвөн жилийн өмнөх амжилтаа (2014 онд түрүүлсэн) давтаж, тус тэмцээний хошой аварга боллоо.

Зургаа дахь удаагийн уламжлалт тэмцээнд Казахстан, Монгол, ОХУ, Тажикистан, Беларусь, Кыргызстан, Узбекистан гэсэн долоон орны 180 гаруй бөхчүүд 10 жинд өрсөлджээ.

Сонирхуулахад тэмцээний нийт шагналын сан 75 мянган ам.доллар байсан бөгөөд түрүү бөх 4000, мөнгө 2000, хүрэл медальтан 500 “ногоон”-ы эзэн болжээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

57 кг (22 бөх): 1. Жаргал Дамдинов (Бурятия) 2. Димчик Ринчинов (Беларусь) 3. Мухаммадсидик Джураев (Узбекистан) 3. Арыйаан Тютрин (Саха)
61 кг (22): 1. Расул Калиев (Казахстан) 2. Ньургун Александров 3. Семен Владимиров (хоёул ОХУ), Кайрат Амиртаев (Казахстан)
65 кг (28): 1. Ильяс Жумай 2. Мейиржан Аширов 3. Даулет Ниязбеков (бүгд Казахстан) 3. Ньургун Скрябин (Беларусь)
70 кг (18): 1. Иван Ефремов (ОХУ) 2. Нургожа Кайпанов 3. Султан Беисов (хоёул Казахстан), Рамазан Рамазанов (ОХУ)
74 кг (18): 1. Арсалан Будажапов 2. Мурад Курамагомедов 3. Герман Устинов (бүгд ОХУ), Нурлан Бекжанов (Казахстан)
79 кг (15): 1. Тажидин Акаев (ОХУ) 2. Галымжан Усербаев (Казахстан) 3. Станислав Хачиров (ОХУ), Айбек Насыров (Кыргызстан)
86 кг (9): 1. Оргодолын Үйтүмэн (Монгол) 2. Эльхан Асадов 3. Саид Аббазов (Казахстан), Азамат Даулетбеков (бүгд Казахстан)
92 кг (5): 1. Абдиманап Байгенжеев (Казахстан) 2. Нургали Нургаипулы 3. Адилет Давлумбаев (хоёул Казахстан)
97 кг (7): 1. Александр Гуштын (Беларусь) 2. Мамед Ибрагимов 3. Омар Жумаш (хоёул Казахстан)
125 кг (7): 1. Бахтияр Жанабек 2. Ермуханбет Инкар 3. Юсуп Батырмурзаев (бүгд Казахстан)

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.217) 2018 оны 11 сарын 27

Ямар ч ач холбогдолгуй, хэнд ч хэрэггуй юманд явчихаад нэг их гавьяа байгуулчихсан юм аятай солиороод байх юм аа

0  |  0
Top