БНСУ-ын Андун хотноо 2018 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд болсон Солонгосын үндэсний ширым бөхийн их аварга шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээнд Монголын ширым бөхийн “Хангай” холбооны тамирчид амжилттай оролцлоо.
Улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нарын бөхчүүд тус тэмцээнд өрсөлдсөнөөс улсын харцага О.Хангай хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. Тэрбээр нийт 400 гаруй бөхийн барилдаанд шөвгийн 16-д үлдсэн бол гадаад бөхчүүдийн дунд зохион байгуулсан тэмцээнд түрүүлж, БСНУ-ын үндэсний ширым бөхийн холбооноос олгодог “Дэлхийн ширым бөхийн тусгай аварга” өргөмжлөл хүртлээ.
Ийн Солонгосын үндэсний спорт болох ширым бөхийн төрлөөр Монголын тамирчид хичээллэж эхэлсэн есөн жилийн хугацаанд Монгол Улсаас анх удаа аварга төрлөө.
О.Хангайгийн шигшээ барилдаануудыг Өмнөд Солонгосын олон телевиз шууд дамжуулан үзүүлж, монгол бөхчүүдийн барилдааны ур чадварыг ихэд үнэлжээ.
Тэмцээнд БНСУ, Монгол, БНХАУ, Испани, Шинэ зеланд, ОХУ-ын Якут, Сахалины тамирчид оролцсон байна. Нийт 460 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээний 60 гаруй нь гадаадын бөхчүүд байжээ.
Сануулахад, БНСУ-ын ширым бөхийн холбооны тэргүүн Пак Пал Ёнг тэргүүтэй албаны хүмүүс, шигшээ багийн тамирчид өнгөрсөн аравдугаар сард Монголд зочилсон юм. Энэ үеэр БНСУ-ын ширым бөхийн холбоо болон Монголын сирым бөхийн “Хангай” холбоо хамтран ажиллах гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны гэрээг БНСУ-ын холбоог төлөөлж тэргүүн Пак Пал Ёнг, Монголын холбоог төлөөлж Монголын ширым бөхийн “Хангай” холбооны тэргүүн, улсын заан М.Өсөхбаяр нар үзэглэсэн. “Хангай” холбооны урилгаар Монголд зочилж, хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн БНСУ-ын ширым бөхийн холбоо нь Өмнөд Солонгосын үндэсний бөхийн хамгийн том, албан ёсны холбоо бөгөөд тус холбооноос энэ удаагийн ширым бөхийн төрлийн хамгийн том тэмцээн болох Их аварга шалгаруулах олон улсын тэмцээнийг зохион байгуулсан юм.
Хоёр холбоо хамтран ажиллах гэрээ байгуулснаар хоёр улсын бөхчүүд харилцан зочилж, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, Монголын бөхчүүд ширым бөхийн төрлөөр олон улсын тэмцээн, наадамд оролцох бүрэн боломж нээгдсэн. Тухайлбал, үндэсний их баяр наадмын өмнө Өмнөд Солонгосын бөхчүүд Монголд ирж, хамтарсан бэлтгэлд хамрагдах бол Монголын бөхчүүд “Чонха Жанса” ширым бөхийн их наадамд оролцох, үндэсний бөхийн үзүүлэх тоглолт хийх, хамтарсан бэлтгэлд хамрагдах төлөвлөгөө гарсан.
Энэ дагуу БНСУ-ын бөхчүүд өнгөрсөн сард Монголд хүрэлцэн ирсэн бол энэхүү тэмцээний дараа Монголын бөхчүүд үргэлжлүүлэн Өмнөд Солонгост туршлага солилцох хамтарсан бэлтгэл хийх юм.
Сэтгэгдэл ( 3 )
BAYR HURGHEJ AMJILT HUSIE EE!!!
Bayr xvrgie
Uhert uher beleglesen b.a