Азийн олимпийн зөвлөлийн Тамирчдын III форумд оролцлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

 

Япон улсын нийслэл Токио хотноо арваннэгдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Азийн олимпийн зөвлөл /OCA/-ийн III форум боллоо.  Форумд 44 үндэсний олимпийн хороодын 79 төлөөлөгчид оролцож, тамирчдад тулгамдаж буй асуудлууд, бэлтгэлийн болон тэмцээний орчин нөхцөлийг сайжруулах, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тамирчдын үр нөлөө, харилцаа холбоо зэрэг сэдвээр хэлэлцэж, харилцан туршлага солилцов.

Энэ удаагийн форумд Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Гангаамаа нар төлөөлөгчөөр оролцлоо.

Форумд Олон улсын олимпийн хороо /IOC/-ны Ерөнхийлөгч Томас Бах форумын зочноор уригдаж, санал бодлоо солилцон амжилт хүсчээ.

Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль-Фахад Аль-Сабах хэлэхдээ "Олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд тамирчдын хамтын ажиллагаа, туршлага солилцоо, нөхөрлөл хамгийн чухал байдаг" хэмээн онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top