О.Пүрэвбаатарын нэрэмжит хөнгөн жингийн тэмцээн боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, Монголын Улсын долоон удаагийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит 22 хүртэлх насны залуучуудын хөнгөн жингийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд боллоо. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монголын нэрийг дэлхийд “тахалсан” алдарт бөх “Ооска”-гийн нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш уламжлал болгон 10 дахь удаагаа зохион байгуулагдлаа. (2018.11.29)

Сонирхуулахад, тус тэмцээнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, Б.Номин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга тэргүүтэй манай улсын хөнгөн жингийн олон шилдэг бөхчүүд хүч үзэж “түрүүлж”, “үзүүрлэж”, медаль хүртэж байв. 

Нээлтийн ажиллагаанд МЧБХ-ын дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч П.Гансүх, Монгол Улсын хөдлөмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа, түүний анхны багш О.Мөнхбат, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга болон О.Пүрэвбаатарын ээж, хань, “Аваргууд” академийн хамт олон, найз нөхөд, шавь нар нь оролцов.

Тэмцээнд 17 байгууллагын 120 гаруй тамирчин дөрвөн жинд өрсөлдсөн бөгөөд 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Н.Насанбуян, 61 кг-д “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин Б.Мөнхзориг, 65 кг-д 73 дугаар сургуулийн тамирчин Б.Буд, 70 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Бямбадорж нар жин тус бүртээ аваргаллаа. Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга ОУХМ Н.Насанбуян тус тэмцээнд гурван жил дараалан аваргалж, бусад нь анх удаа түрүүлсэн юм. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Хангай хүчтэн” клубийн дасгалжуулагч ОУХМ Д.Гомбодорж, шилдэг шүүгчээр Д.Алтанцэцэг нар тодров.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

57 кг (41 тамирчин):

  1. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)

  2. Эрхэмбаатарын Алтангэрэл (МУБИС)

  3. Батсайханы Ариунболд (Хангай хүчтэн), Б.Баттулга (ҮБТДС)

61 кг (25 тамирчин):

  1. Баярцогтын Мөнхзориг (Хангай хайрхан)

  2. Базардарийн Гүндсамбуу (Алдар)

  3. Бямбасүрэнгийн Ууганбаяр (Баянхонгор), Намдагдоржийн Эрхэмбаяр (Хангай хайрхан)

65 кг (28 тамирчин):

  1. Батбаатарын Буд (73 дугаар сургууль)

  2. Баасанжавын Будням (ҮБТДС)

  3. Ганболдын Чойгажид (Женко), Олонбаярын Сүлдхүү (Хасу-Мегастарс)

70 кг (23 тамирчин):

  1. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)

  2. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил (МУБИС)

  3. Хуягтбаатарын Хишигбат (Төгс дэвжээ), Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top