”Чингис хаан” РОК ДУУРЬ 12 жилийн дараа дахин тайзнаа амиллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01

 

Монголын ууган урлагийн байгууллагуудын нэг Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга 86 дахь жилийнхээ нээлтийг "Чингис хаан" рок дууриар өчигдөр /2018.11.30/ хийв. "Чингис хаан" рок дуурийг одоогоос 12 жилийн өмнө буюу 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан тавьж байсан түүхтэй. Дуурийн цомнолыг Д.Ганзориг, хөгжмийн зохиолыг С.Тараа нар бичжээ.

2006 онд тавигдсан "Чингис хаан" рок дуурийн Чингис хааны дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Батбаатар бүтээж байсан бол өдгөө сэргээн тавигдаж буй рок дуурийн Чингис хааны дүрийг дуучин Б.Батбаатар дахин амилуулсан юм.

Нээлтийн тоглолтын үеэр уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо.

"Чингис хаан" рок дуурийн Чингис хааны дүрийг амилуулсан, МУГЖ Б.Батбаатар:

-Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга өвөл цагийн нээлтээ "Чингис хаан" рок дууриар нээлээ. Одоогоос 12 жилийн өмнө энэ дуурь маань анх удаа тоглогдож байжээ. Дахин дуулахад маш сайхан байна. 2006 онд тоглогдож байхад би 24 настай залуу байсан бол одоо нэлээн буурь суусан хойноо дуулахад их сонин, сайхан санагдлаа. Энэ дууриа сүүлийн үед дуулаагүй учир би болон хамт олон маань их санасан байна. "Чингис хаан" рок дуурь арванхоёрдугаар сарын 1,2-нд мөн тоглогдох учир үзэгч түмнээ өргөн олноороо ирж үзээсэй гэж хүсье.

"Чингис хаан" рок дуурийн Бөртэ-Үжиний дүрийг амилуулсан Б.Амаржаргал:

-"Чингис хаан" рок дуурийн нээлтийн тоглолт үнэхээр гайхамшигтай сайхан болж өндөрлөлөө. Би цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын найрал дууны албанд дуучнаар тавь дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаа "Чингис хаан" рок дуурийн Бөртэ-Үжиний дүрийг бүтээхээр болж, энэ дүрийг чадан ядан бүтээх гэж хичээсэндээ сэтгэл их өндөр байна. Мөн үзэгчэд маань биднийг маш сайхан халуун, дулаан уур амьсгалтайгаар хүлээж авлаа. Үзэж амжаагүй үзэгчиддээ ирж үзээрэй гэж хэлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top