Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм ойлгож мэдэхгүйн улмаас, эсвэл тэдний эрхийг хангах дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлээгүйн улмаас саад бэрхшээл үүссээр байдаг. Тэдний асуудлыг зөв ойлгож чадвал өөрчлөлт хийхэд амархан гэдгийг Бид нэг ТЭНГЭРТЭЙ” үзэсгэлэнгээр дамжуулж өгүүлэхийг зорьжээ. Үзэсгэлэнгийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн ажилтан н.Ням-Очирын нэг өдрөөр төлөөлүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийтлэг тохиолддог бэрхшээлийг олон нийтэд ойлгуулахад чиглэж байгаа юм.
2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний “Бие даан амьдрах эрх”-ийг хангах талаар тодорхой заасан байдаг. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд “Тэгш Нийгэм Холбоо” ТББ, Монголын бие даан амьдрах эрхийн төвүүдийн үндэсний холбоо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь” төслийг Европын холбоо, Италийн АИФО байгууллагын хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг тохиолдуулан “Бид нэг тэнгэртэй” гэрэл зургийн үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр BlueМon төвийн "Norphei Art" галерейд нээгдэх гэж байна. Үзэсгэлэнгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой хууль, дүрэм, журмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ээлтэй орчинг бүрдүүлэхэд нь туслаж чадвал тэд бусдын нэгэн адил үр дүнтэй ажиллаж, амьдарч чаддаг юм шүү, тэд үндсэн эрхээ бүрэн эдэлж чадсанаар аз жаргалтай сайхан амьдардаг юм шүү гэдгийг илтгэн харуулжээ.
Нэгдсэн үндэсний байгууллагаас 2018 оныг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрх мэдэлжүүлж, хамруулах, тэгш байхыг баталгаажуулъя” сэдвийн дор зохион байгуулж байна. Дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилт- 2030” хөтөлбөрт нийгмийн бүлгүүдийг аливаа үйл ажиллагаанд “Хэнийг ч орхигдуулахгүй” байх зорилгыг тавьсан. Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 10-ны өдөр гаргах бөгөөд, дараа нь Өмнөговь, Архангай, Завхан, Орхон, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Бие даан амьдрах төвүүд дээр гаргахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )