ХАР ЖАГСААЛТ: Допингтой холбогдсон бөхчүүдийн анхдагч нь аварга А.Сүхбат

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр /2018.12.11/ болж, энэ жилийн улсын баяр буюу Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд, зарим бөхчүүдэд хариуцлага тооцохоор боллоо.

Ингэхдээ итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцлоо.

Улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хаслаа. Мөн улсын начин Ц.Бямба-Очирын улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хасав.

Эдгээр бөхөд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсанд тооцож, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор болов. Түүнчлэн Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд УЛСЫН НАЧИН шинээр цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тэгэхээр энэ жилийн наадмаар улсын цол хүртсэн бөхчүүдийн тоо нэгээр нэмэгдэж, Баянхонгор аймгийн харьяат, аймгийн арслан Б.Эрдэнэхүү улсын цолтон болох нь тодорхой боллоо.

Баяр наадмын тухай хуульд зааснаар Допинг хэрэглэсэн бөхчүүдэд өвдөг шороодсон бөхөд тухайн даваанд олгосон цолыг нөхөж олгодог. Өмнө нь ч ийм тохиолдол байв. Тухайлбал, 2012 оны наадмын дараах шинжилгээний хариугаар  улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин цол шинээр хүртсэн Б.Сугаржаргал нарын сорьцоос сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн тул улсын арслан Х.Мөнхбаатарын Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын 5, 6, 7-гийн даваанд давсан давааг хүчингүй болгож, чимгийг нь хураах, улсын начин Б.Сугаржаргалын зургаан сар барилдах эрхийг хасах тухай шийдвэр гаргасан байсан. Санаж байгаа бол тухайн наадамд эдгээр бөхчүүдэд өвдөг шороодсон  улсын начин Ж.Амартүвшинд харцага, улсын харцага Т.Санчирт улсын заан цол олгож байсан.

Энэчлэн эрийн гурван наадамд зодоглосон бөхчүүдээс допингийн зөрчил илрэх нь бараг хэвийн үзэгдэл болжээ. Тэд ихэнх тохиолдолд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй байгаагаа хэлдэг. Гэхдээ олон улсын жишгийн дагуу A, B сорьцыг шинжлэхэд али алинаар нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогддог. Бөхчүүдийг эмчилгээндээ ч, уураг, нэмэлт тэжээл хэрэглэглэхдээ ч анхааралтай байхыг байнга сануулдаг ч нэлээд хэсэг нь зориудаар хориглосон эм, бэлдмэл хэрэглэдэг нь тэдний дотоодод түгсэн яриа. Олон нийтэд ч энэ хардлага олон жилийн турш байсаар ирсэн нь үнэн.

Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд явуулсан наадмаас бусад үеийн шинжилгээ буюу гэнэтийн шалгалтууд монгол түмний бахархал болсон үндэсний бөхчүүд наадмаас бусад үед барилдаанд хэрхэн “биеэ бэлтгэдэг”-ийг харуулсан нэгэн жишээ байсан гэхэд буруудахааргүй.

Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар болон Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төсөл цөөнгүй бөхийн үнэн нүүр царайг илчилсэн. 2017 оны арванхоёрдугаар сард дээрх төслийн хүрээнд 30 гаруй бөхөөс гэнэтийн байдлаар шинжилгээ авахад авахад  улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбар нарын сорьцоос хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн.

  • 2017.12.09-нд 16 бөх шинжилгээ авахад аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбарын нараас хориотой бодис илэрсэн.

  • 2017.12.17-нд 4 бөхөөс шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нараас хориотой бодис илэрсэн.

  • 2017.12.29-нд 11 бөхөөс шинжилгээ авахад улсын заан Б.Пүрэвсайханы шинжилгээнээс хориотой бодис илэрсэн.

Дараа нь, 2018 оны эхээр дахин 10 гаруй бөхөөс “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд шинжилгээ авахад хоёроос нь хориотой бодис илэрсэн. Тэд улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай нар байсан бөгөөд Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр авсан тэдний шинжилгээ допингийн эсрэг зөрчил харуулсан бөгөөд Б.Гончигтавхай хориотой эмийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, улсын заан Б.Соронзонболд шинжилгээ өгөхөөс татгалзсан тул Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн дүрмийн дагуу түүнийг допинг хэрэглэсэнд тооцсон.

Монгол Улс допинг хэрэглэсэн улсын хар дансанд 1972 онд бүртгэгдсэн байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 40-өөд тамирчин олимп, тив дэлхийн чанартай тэмцээн, үндэсний их баяр наадмын үеэр допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргажээ.

Монголын тухайд 1999 оноос эхлэн допингийн эсрэг санаачлагад нэгдэж, үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс анх удаа өөрсдөө бие даан допингийн шинжилгээ авч эхэлснээс хойш 20-иод жил болох гэж байна. Наадмаар авсан шинжилгээг Монгол Улс БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид мөнгө төлж, шинжлүүлдэг. Бөхчүүдийн эрүүл мэнд, спортын шударга өрсөлдөөнд хэрэгтэй гэж үзээд хянадаг болсноос хойш чамгүй урт хугацаа өнгөрсөн хэдий ч үндэсний бөхчүүдийн тодорхой хэсэг допингийн талаар мэдэх хүсэлгүй байгаа нь тэдний энэхүү “хэрэгцээ”-нээс улам торд харагддаг боллоо. Хэрэв хүсэх л юм бол эрүүл мэндийн шалтгаанаар хэрэглэж байгаа эм, тариандаа хэн ч анхаарал тавьж, хориотой бодисын жагсаалтыг тойрч, эмчилгээ хийлгэж болно. Монголд төрийн байгууллагад харьяалалтай спортын анагаах ухааны салбар бий. Тэндхийн ямар ч эмчээс зөвлөгөө авахад нээлттэй. Үнэхээр тамирчин байя, шударга өрсөлдөөний талбарт дахиж гаръя л гэж бодож байгаа бол тэр хүн өөрийгөө хамгаалах үүрэгтэй.

Үндэсний бөх ба допингийн эсрэг зөрчлийн тухайд хууль эрх зүйн зохицуулалтаа ч эргэж харах хэрэгтэй. Үнэхээр тухайн бөх хориотой эм бэлдмэл зориудаар хэрэглэсэн бол бусад бөхөд хохиролтой.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй бөхийг сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэж зарласан ч хүлээх хариуцлагын хувьд харилцан адилгүй байж ирсэн. Хуулиндаа хамгийн цаад тал нь цол хураах хүртэл заалттай ч ихэвчлэн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх зэрэг заалтыг барьж, хариуцлага тооцсон байдаг.


Цол хурааж байсан нэг л тохиолдол байдаг нь Б.Суманчулуун, Н.Адъяабат нарт оногдож байсан. Энэ шийдвэрийг 2015 онд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн үед Шадар сайд байхдаа гаргаж байсан юм.

/Шадар сайд У.Хүрэлсүх 2015 оны хоёрдугаар сард Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгож, хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж байсан/.

Харин чимэг хураах юм уу, барилдах эрхийг 2 хүртэл жилээр хасах шийтгэл оногдуулах бол ерөнхийдөө нийтлэг хариуцлагын хэлбэр байсаар иржээ.

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН ХАР ЖАГСААЛТ

(Эх сурвалж: www.antidoping.mn)


1.  2002 он: А.Сүхбат /анаболик стероид/
2.  2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/
3.  2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/
4.  2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/
5.  2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/
6.  2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/
7.  2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/
8.  2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/
9.  2011 он: Г.Алтангэрэл /анаболик стероид/
10. 2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/
11. 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/
12. 2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/
13. 2014 он: Б.Суманчулуун /анаболик стероид/
14. 2014 он: Н.Адъяабат /анаболик стероид/
15. 2016 он: Б.Баатарцол
16. 2016 он: Б.Ганзориг
17. 2017 он: Ө.Бат-Орших
18. 2017 он: Б.Пүрэвсайхан
19. 2017 он: Э.Даш
20. 2017 он: Б.Номиндалай
21. 2017 он: С.Майнбар
22. 2018 он: Б.Соронзонболд
23. 2018 он: Б.Гончигтавхай
24. 2018 он: Н.Ганбаатар
25. 2018 он: А.Цацабшир
26. 2018 он: Ц.Бямба-Очир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Badmaa(66.181.161.33) 2018 оны 12 сарын 13

Vndesnii buxiin ajilgui zaluuchuud vzdeg bolson ni nuuts bish yum shuu

0  |  0
Urnaa(66.181.161.33) 2018 оны 12 сарын 13

Jargalsaixanaas ivzvvrlsen jil ilerseng ni naadamiin daraa xeden sayaar darsan gesen yariyaabdag yum bileeshuu. Xatuuxan xatuuxan xandaad yavdan bol shudraga bx bailaa

0  |  0
Допинг бол луйвар(103.212.119.62) 2018 оны 12 сарын 13

Барилдах эрхийг нь бүх насаар нь хасах хэрэгтэй. Тэгж байж энэ нөхдүүд өөрсөддөө хариуцлага хүлээж сурна шүү дээ. 2хон жил бол хариуцлага ноогдуулж буй чамлалттай хугацаа бөгөөд толгойг нь илээд өнгөрч буйтай ижил юм. Энэ бол их спорт болохоос хүүхдийн тоглоом биш шүү дээ.

0  |  0
Зочин(103.229.122.145) 2018 оны 12 сарын 12

Сүхбат гэж хүнд эхнээс нь цолыг хураагаад эрхийг нь хасаад явсан бол ийм сунжирсан заваан харилцан адилгүй шийтгэл гарахгүй байсан.Барилдах эрхийг нь хассан юм бол цол хураах шаардлага байхгүй.Нэг болмбүгдийнх нь цол чимэг хурааж барилдах шийтгэл нэг байх хэрэгтэй.

0  |  0
Zochin(121.163.80.151) 2018 оны 12 сарын 12

Vhsen atsnii MGL bukh.muu nohoin baasnuudal bnshdee.ha ha Bukhiin owoihodn owoolj bgaad delbelchih ymsan bvgdiign ha ha

0  |  0
Зочин(202.21.106.101) 2018 оны 12 сарын 12

Олон сайхан бөхөд үлгэр дууриал болжээ

0  |  0
Энхээ(202.179.25.218) 2021 оны 06 сарын 14

Сумъяабазарын нэр орхигджээ

1  |  0
Эрдэнэбат (66.181.161.80) 2018 оны 12 сарын 12

Ө.Бат-орших,Б.Пүрэвсайхан,Даш,Номиндалай,майнбаяр,соронзонболд,гончигтавхай нарын барилдах эрхийг хэдэн жилээр хассан юм бэ?

0  |  0
зочин(202.9.42.83) 2018 оны 12 сарын 12

Муу мөртэй явах тиймч сайн юм биш. Сүхбат минь. Дээр нь нэмэгдээд бөхийн өргөөний хаагдаж байсан түүхийн эхэнд өөрийн чинь нэр мөнхрөх нь байна. Уг нь уран сайхан барилдаантай гэж байх бөх ийм хэрэггүй нэр зүүж сайн нэрээ баллуурдаж орхимооргүйсэн. За тэр хүүхэн шуухан ч яамай.

0  |  0
Top