МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Монголын үндэсний үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр /2018.12.12/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

• “Азийн хүүхдүүд” олон улсын өвлийн спортын анхдугаар наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанааг томилов. Тус наадам нь 2019 оны 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд ОХУ-ын Сахалин мужид зохиогдох бөгөөд 8 спортын төрөл/уран гулгалт, гүйлтийн цана, цанатай харайх, хоккей, биатлон, сноубоард, шорт трек, уулын цана/-өөр 20 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчид оролцох юм.

• Үндэсний олимпийн хороодын холбоо/ANOC/-ны ивээл дор Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 2019 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 15 спортын төрлөөр АНУ-ын Сан Диего хотноо зохиогдох билээ. Тус наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар томилогдов.

• ОУОХ-ноос МҮОХ-ны одоогийн мөрдөж буй дүрэм нь  Олимпийн Харти болон Сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж буй тухай баталгаажуулсан захидалтай танилцав. 

Уг захидалд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны Гишүүдийн хурлаар баталсан, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ОУОХ-гоор батлагдсан МҮОХ-ны дүрэмд тодорхойлсон байгаа санал өгөх систем нь Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчдийн санал олонхи байх шаардлагыг хангасан болохыг дурдаад холбогдох хүмүүст ОУОХ-ны албан ёсны байр суурийг мэдэгдэж, энэхүү тайлбарыг хүргүүлэхийг санал болгов. 

Одоогийн мөрдөгдөж буй дүрмийн дагуу Олимпийн төрлийн спорт холбоодын 3 төлөөлөгчид тус бүр санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хэрэв МҮОХ-ны гишүүдийн хурлаар Олимпийн төрлийн спорт холбоодын 1 төлөөлөл нь 3 санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол МҮОХ-ны Гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, дүрэмд өөрчлөлт оруулан батлуулах ба ОУОХ-нд дахин илгээж баталгаажуулах журамтай болохыг мэдэгдэв.

• МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

Ахлагч – Ж.Түмэн-Аюуш /МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/

Гишүүд - Э.Бадар-Ууган /МҮОХ-ны ЕНБД/

              - Ч.Зоригтбаатар /Монголын хөнгөн атлетикийн холбооны ЕНБД/

              - Ц.Нэргүйбаатар /Архангай аймгийн “Мехико” Олимпийн зөвлөлийн дарга/

              - Ч.Бат-Эрдэнэ /Монголын даамны холбооны Хүндэт ерөнхийлөгч/

• МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар өөрчлөлт оруулав. 

• МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргав.

Уг хүсэлтийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хурлаар хэлэлцэхээр товлолоо.

МҮОХ-ны дүрмийн 16.6-р заалт: Шаардлагатай тохиолдолд МҮОХ-ны ээлжит бус Чуулган болон Гишүүдийн хурлыг нийт санал өгөх эрхтэй гишүүдийн 75-аас дээш хувийн эсвэл Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхийлөгчийн бичгээр гаргасан саналыг үндэслэн хугацаанаас нь өмнө зарлан хуралдуулж болно. Ээлжит бус хурал нь ээлжит хуралтай ижил горимоор болно.

МҮОХ-ны дүрмийн 14.2-р заалт: МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг 3 сараас доошгүй хугацааны өмнө МҮОХ-ны гишүүдийн хурлаас зарлана.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.89.112) 2018 оны 12 сарын 13

маш их баян гэж дуулж байсан.ийм улсыг атг шалгаач.яаж их хөрөнгө хурааснаа тайлбарлах цаг ирнээ.олимпийн хорооны хажууд маш том газартай байсан.тэр байхгүй.гадаадын тусламж дэмжлэгэ яасан байхгүй ш тэ.ёр нь идэхдээ монгол хүн гэдгээ мэдэж үр хүүхэд монголоо гэсэн сэтгэлтэы байж болдгүй юм уу.шалгаад гараад ирвэл өөрөө ойчсон хүүхэд уйлдгүй гэж үг бна шүү

0  |  0
Зочиэ(66.181.161.101) 2018 оны 12 сарын 13

Өөрөө тэтгэвэрт гарсан ч хүзүүгүй хүнээр халхавчлан хийсэн маш олон гэмт үйлдлүүд нь тэтгэвэрт гарахгүй.Шударга ёсны сэлэмд цавчуулах ёстой хүн мөнөөс мөн.Аавынд суухдаа тэтгэврээрээ хоол авч идэх болж дээ

0  |  0
Top