ОРХОН: “Гарааны үйлдвэрлэл”-ийг дэмжих хүүгүй, барьцаагүй зээл олгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

   “Эрдэнэт  шинжлэх ухаан технологийн парк” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот, үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/  энэ онд 140 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнийгээ “Гарааны үйлдвэрлэл”-ийг дэмжихэд зарцуулахаар болсноо сэтгүүлчдэд мэдээлсэн юм.  Ингэхдээ 19 иргэнд хүүгүй, барьцаагүйгээр хоёр хүртэлх сая төгрөгийг 18 сарын хугацаатай,  гурав хүртэлх аж ахуйн нэгжид нийт 100 сая буюу нэг компанид 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Гол нь үйлдвэрлэлийн төсөлд хөрөнгө оруулалт хийнэ гэж тус паркийн захирал Г.Энхбаяр хэллээ.

Үйлдвэрлэлийн төслийг  дэмжсэнээр ажлын байр нэмэгдэж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж, иновацийг нэвтрүүлэх гол ач холбогдолтой юм. 
Иймд иргэн, аж ахуйн нэгжийн төслийг  “Эрдэнэт ШУТП”  2019 оны нэгдүгээр сарын 11 хүртэл  хүлээн авч, дараа нь сургалтад нэг сарын хугацаатай хамруулж улмаар хоёрдугаар сарын 11-ээс төсөл сонгон шалгаруулалт явуулж хөрөнгө оруулалтаа хийнэ. Ингэхдээ иргэдэд хүүгүй, барьцаагүй хэлбэрээр  олгоно. Харин гурав хүртэлх аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн төслийг дэмжихдээ “Эрдэнэт ШУТП” хамтарсан компани байгуулж тодорхой хувийг нь эзэмших ажээ.
 “Эрдэнэт ШУТП” нь 2017 оны 10 дугаар сард байгуулагдаж гагнуурын электрод үйлдвэрлэж, хүний бие дэх хүнд металлыг илрүүлэх “Хүний Экологийн төв” лабораторио байгуулж, жилийн дөрвөн улирал ашиглах хүлэмжээ туршилтаар байгуулаад байна. Тус паркын үйлдвэрлэсэн гагнуурын электродыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК ашиглаж импортын хэрэглээгээ багасгасан байна. Мөн “Хүний Экологийн төв” нь Монгол Улсад анх удаа мэргэжлийн лабораторийн итгэмжлэлээ авч Говил багийн иргэдийн үс болон ундны усанд химийн хүнд металл илрүүлэх судалгаа хийжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top