Монголын самбо бөхийн холбоо 2018 оны тайлангийн хурал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын хурлын зааланд өчигдөр /2018.12.12/ боллоо. Хуралд Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Г.Үүрцолмон, шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, Гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайхан, Олон улсын шүүгч Л.Занданхүү, Д.Алтантуяа, Шүүгчдийн зөвлөлийн дарга, Гавьяат тамирчин Х.Батхишиг болон шигшээ багийн тамирчид оролцлоо.
2018 онд 50 жилийн ойгоо тэмдэглэж буй тус холбоо 2018 онд улсын аварга шалгаруулах тэмцээнийг гурван насны ангиллаар, насанд хүрэгчдийн УАШТ, Залуучуудын УАШТ, Өсвөрийн УАШТ, ЦЕГ-ын санаачилгаар олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Р.Даваадалайн нэрэмжит өсвөрийн АШТ, Дархан-Уул аймагт "Алунгоо цом 2018" тэмцээнийг тус тус зохион байгуулсан юм. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Ази тивийн 25 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг гурван насны ангилалаар амжилттай зохион байгуулжээ. Тэмцээнд 15 орны 408 гаруй тамирчин оролцсноос 39 алт,10 мөнгө,13 хүрэл, нийт 62 медаль хүртэн, МСБХ-ны санаачилгаар анх удаагаа холимог багийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, Монголын баг тамирчид тэргүүн байрыг эзэлсэн байна.
Азийн спортын 18 дахь удаагийн наадамд Самбо бөхийн төрөл анх удаа эрэгтэй -52кг, 90кг, эмэгтэй -48кг, 68кг гэсэн жингээр оролцож, манай баг тамирчид 1алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн Монгол Улсын баг тамирчдаас хамгийн өндөр амжилтыг гаргасан юм.
Мөн Румын улсын Бухарест хотод зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ДАШТ-ий спорт самбо бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөлд зургаан хүрэл, байлдааны самбо бөхийн төрөлд хоёр хүрэл медаль хүртжээ. Гүржийн Тбилиси хотод зохиогдсон өсвөр, залуучуудын ДАШТ-д 1 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, өндөр амжилт гарган залуучуудын эмэгтэй багийн төрөлд гуравдугаар байр эзэлж, ОХУ-ын Орёл хотод болсон сурагчдын ДАШТ-д 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )