Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн дэлхийн цувралын энэ оны төгсгөлийн тэмцээн болох "Мастерс" өчигдөр /2018.12.15/ БНХАУ-ын Гуанжоу хотод эхэллээ. Нэр хүндээрээ ДАШТ-ий дараа эрэмблэгддэг тус тэмцээнд жин тус бүрийн шилдэг 16 жүдоч хүч үздэг. Энэ удаагийн мастеруудын тулаанд 53 орны 118 эрэгтэй, 116 эмэгтэй, нийт 234 жүдоч оролцож байна. Монголоос шилдэг 13 жүдоч уригдсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Балжинням, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Г.Дашдаваа нар дасгалжуулагчаар ажиллаж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60, -66, -73, эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг-ын жингийн барилдаан боллоо. Тэмцээний эхний өдөр Монголын жүдочдоос Д.Амартүвшин /60 кг/, Г.Хэрлэн, Д.Алтансүх /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, эмэгтэй жүдочдоос М.Уранцэцэг /48 кг/, Д.Сумъяа /57 кг/, Б.Мөнгөнчимэг /63 кг/ нар барилдлаа.
Тэднээс Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Алтансүх нар медалийн болзол хангаж, хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл ( 1 )
mash muu baina