Ангараг гарагийн орбит дахь “Ангараг Экспресс” сансрын аппарат тус гараг дээрх хөлдсөн усаар дүүрсэн “Хатан хаан” хэмээх тогооны зургийг авчээ.
Европын сансрын агентлаг “Ангараг Экспресс” аппаратыг 2003 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр “Байконур” сансрын буудлаас хөөргөсөн юм.
Ангараг гарагийг судлахын сацуу энэхүү аппарат улаан гарагийн хоёр дагуулын нэг болох Фобосын талаарх олон мэдээллийг дамжуулжээ. Энэхүү аппарат нь Ангараг гарагийн гол оньсого болсон усны маш их хэмжээний нөөц хэрхэн алга болсон нууцыг тайлахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Эрдэмтэд энэ гараг дээр манай Дэлхийн Хойд мөсөн далайн усны хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний усны нөөц бүхий гол, нуур, далайнууд байсан гэж үздэг. Усны нөөцийн ихэнх хэсэг нь улаан гарагийн агаар мандлын хамт ууршсан бөгөөд одоо үлдээд байгаа багахан хэмжээний усны нөөц улаан гарагийн гадаргуу болон газрын гүнд мөс хэлбэрээр хадгалан үлдээд буйг MRO болон “Ангараг Экспресс” аппаратуудын тусламжтайгаар тогтоогоод байгаа юм.
Тус гарагийн усны нөөц үе үе хайлж, ууршин Ангарагийн бусад илүү хүйтэн газруудад тунаж үлддэг байна. Энэхүү ер бусын усны эргэлт эрдэмтдийн анхаарлыг хэдийнээс татдаг. Учир нь энэ үзэгдэл тус гарагаас ус уурших болсны эсвэл хөрсний гүнд амьдарч болох Ангарагийн нянгийн гол эх үүсвэр байж болох шалтгааныг тайлах юм.
Ангараг гарагийн усны ихээхэн нөөцийг агуулж буй “Хатан хаан” тогоог тус гараг дээр ус байх үе буюу дөрвөн сая жилийн өмнө үүссэн гэж эрдэмтэд үздэг. Хүйтэн улиралд энэ тогоон дахь мөсний зузаан хоёр километрт хүрдэг байна.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )