БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн пүрэв гарагт /2018.12.20/ эхэлсэн ба 21 орны 260 гаруй тамирчид гурван өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж, шилдгүүдээ тодрууллаа.
Монгол Улсыг төлөөлөн 22 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож, 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа гуравдугаар байрт орсон байна.
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр БНХАУ-ын өсвөрийн тамирчин Wei Qinru 7947 оноогоор 2018 оны Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо.
Монголын оюун ухааны академи, "Ажнай" корпорацийн тамирчин, ОУ-ын Их мастер, 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2018 оны Өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний "Хоёртын тоолол" төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн, алдаагүй санаснаар ОУ-ын Их мастер Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр боллоо.
Мөн Ой тогтоолтын спортын Их мастер (Grand Master)-ийн болзлыг Б.Лхагвадорж, М.Уянга, Олон улсын мастер (International Master)-ийн болзлыг Г.Мянганбаяр, У.Солонго, А.Одмаа, Т.Тэнүүн, Э.Мишээл, Г.Солонго, Т.Үжин нар тус тус хангаж, Дэлхийн холбооны шинэхэн мастерууд боллоо.
Б.АМИР
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )