ТӨВ: Өсвөрийн шилдэг тамирчдаа шагналаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

   Төв аймгийн Өсвөрийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн хугацаанд тив, дэлхий, олон улсын тэмцээнээс 63 алт, 37 мөнгө, 72 хүрэл нийт 172 медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 475 алт, 539 мөнгө, 626 хүрэл нийт 1640 медаль, нэрэмжит тэмцээнээс 155 алт, 139 мөнгө, 153 хүрэл нийт 447 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн бөгөөд Олимпийн наадмын цанын төрөлд Л.Отгонцэцэг, боксын төрөлд Г.Ган-эрдэнэ нар оролцсон билээ. Мөн Үндэсний шигшээ багт 10 тамирчин, залуучуудын шигшээ багт 18 тамирчин, өсвөрийн шигшээ багт 34 тамирчин дэвшин хичээллэж ОУ-ын хэмжээний мастер 9, Спортын мастер 46, спортын дэд мастер 56, зэрэгтэй тамирчин 312 шинээр төрөн гарсан бахдам амжилтыг үзүүлээд байна.

Шинэ оны босгон дээр аймаг, орон нутгийнхаа нэрийг тив, дэлхий, олон улсад дуурсгаж байгаа өсвөрийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг алдаршуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Ёслолын ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн нар оролцож нийт тамирчид, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлсэн юм.

    2018 оны “Шилдэг тамирчин”-аар, Өсвөрийн сурын харвааны тамирчин Б.Төгөлдөрбат,  Цанын спортын мастер Б.Хонгор, дугуйн спортын тамирчин Б.Тамир, шорт трекийн тамирчин О.Одбилэг, өсвөрийн сурын харвааны тамирчин Б.Төгөлдөрбат, хөлбөмбөгийн тамирчин С.Хишигжаргал, чөлөөт бөхийн тамирчин М.Мөнх-эрдэнэ, боксын тамирчин А.Цэгц-Үжин, жудо бөхийн тамирчин Ц.Буянжаргал, ширээний теннисний тамирчин О.Цэнгүүн, хөнгөн атлетикийн тамирчин Б.Дэлгэртөгс, шатрын спортын тамирчин Г.Бат-Эрдэнэ, софт теннисний тамирчин Б.Сүхбат, пауэрлифтингийн спортын дэд мастер Д.Төмөрчөдөр, софт теннисний тамирчин Б.Тулга нар тус тус шалгарсан бол Аймгийн БТСГ-ын ахлах дасгалжуулагч Д.Алтанхуяг “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарлаа. Мөн энэ үеэр өсвөрийн шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулсан юм. Аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг спортын 13 төрлөөр 160 тамирчинтай сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагаагаа явуулж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top