Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2018 оны хэрэгжилт болон аймгийн Засаг даргатай хэлтэс, агентлагууд болон сумдын Засаг дарга нарын байгуулсан энэ оны үр дүнгийн гэрээг дүгнэх ажил эхэллээ.
Үүнд 25 байгууллага 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнүүлэх бөгөөд байгууллагын удирдлагууд зохион байгуулсан ажлынхаа тайланг танилцуулж байна. Үр дүнгийн гэрээг дүгнэхэд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболат нар оролцож байна.
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам” болон манлайлал, тусгай үзүүлэлт, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх, Төсвийн тухай хуулийн 8 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу ирүүлсэн тухайн төсвийн байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан, гэрээний биелэлтийн явцад хийсэн хяналт-шинжилгээний болон үр дүнд өгсөн үнэлгээний талаарх мэдээлэл, төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчид өгсөн үүргийн биелэлт, хурал зөвлөгөөн, шуурхайд суусан ирц гэх мэт шалгуураар дүгнэх юм.
Энэ жилийн онцлог нь зөвхөн төсвийн захирагч нараас гадна байгууллагын холбогдох албан хаагчдаас орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаарх мэдээллийг мөн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )