Хүчирхийллийн хэргээр ял эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан этгээд бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэх хэргээр шүүхээс дахин ял сонслоо.
Хүчирхийлэгч Б гэгч нь Хөвсгөл аймгийн харьяат бөгөөд тэр өмнө нь хүчингийн гэмт хэрэг үйлдэн, шүүхээс зургаан жилийн ял сонсож байжээ. Улмаар таван жил ял эдлээд Өршөөлийн хуулиар суллагдсан байхдаа бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан байна.
Уг хэрэг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд гарсан бөгөөд гэмт этгээд өөрийн төрсөн охин болох А-гийн найзыг гэртээ ирээд байхад нь хүчирхийлэхийг завдсан гэмт хэрэг үйлджээ.
Дээрх хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12.1.2.1 буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, нэг жилийн хорих ял оноосон байна. Түүний энэ хэрэг давтан хэрэг учир өмнө нь дутуу эдэлсэн нэг жилийн хорих ялыг нөхөж эдлүүлэхээр болж, шүүгдэгч Б-г нийт хоёр жил нэг сарын хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр болжээ.
Хүчирхийлэгч Б гэгч нь өөрөө бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд түүнийг ийнхүү ял эдлэх болсон тул асран хамгаалах эрхийг түр хугацаагаар хязгаарлаж, хүүхдүүдийг асрамжийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
П.Батбаатар: Эрүүгийн хуульд ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГ хамгийн хүнд ялтай
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай энэ сэдвийн хүрээнд товч ярилцлаа.
-Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой хүчингийн хэрэг өсөх хандлагатай байна гэсэн мэдээллийг эх сурвалж өгсөн. Энэ хэргийн эргэн тойронд нөхцөл байдал ямар байгаа бол?
-Энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны нийт 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Бага насны хүүхдийг хүчиндэх шалтгаан нөхцөл нь гэр бүл салалт, таарамжгүй харьцаа, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг далимдуулсан зэрэгтэй холбоотой байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, ямар нэг байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байдаг. Нийт 59 холбогдогч байгаагаас үл таних хүнд 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүнд 26 гээд тоо гардаг. Гэхдээ энэ бол мэдээж эцэг, эх, өвөө, төрсөн ах, нагацынхаа үүргийг хариуцлагатай биелүүлдэг мянга мянган эрчүүдэд хамааралгүй юм шүү.
-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд эрүүгийн ямар хариуцлага оногдуулдаг вэ?
-Шинэ Эрүүгийн хуулинд хүчиндэх гэмт хэргийг зүйлчлэхдээ бэлгийн шинжтэй үйлдлийг хүч хэрэглэж үйлдсэн, завдсан, ямар нэг байдлаар энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш бүлэглэн үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд “Бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй юм.
-Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн улмаас хохирогч болох тохиолдол нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас яаж урьдчилан сэргийлж ажиллаж байгаа вэ?
-Энэ чиглэлээр манай цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Мөн эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас шалтгаалан хүүхэд хохирох тохиолдол их гарах боллоо. Хүүхэд хамгааллын чиглэлээр 2018 он гарсаар “Хайрла, хамгаал”, “Хүүхэд хамгаалал”, “Хуулиа мөрдөе”, “Бяцхан зорчигч”, “Unfriend” зэрэг арга хэмжээ, аяныг зохион байгууллаа. Энэ онд хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдол улсын хэмжээнд нийтдээ 20 орчим хувиар буурсан. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 82 хувь нь насанд хүрэгчид байдаг. Харин хүүхэд гэмт хэрэг үйлдэхдээ үе тэнгийнхнийгээ хүчирхийлэх, бие биенийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа асуудал нийт гэмт хэргийн 18 орчим хувийг эзэлж байна. Насанд хүрэгчид хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхдийг хохироож байгаа асуудал улсын хэмжээнд энэ онд өссөн байгаа.
-Нийслэл хотын хэмжээнд бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 70 гаруй хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн. Энэ нь хүн амын нягтаршил, суурьшил, шилжилттэй холбоотой. Мөн иргэд нэг нэгнээ хайрлах, өрөвдөх, ах дүүсийн дотно харилцаагаа бэхжүүлэхгүй, хүний мөс чанар муудаж байгаатай холбоотой юм болов уу. Аливаа гарч буй гэмт хэргийг зөвхөн архидалт юм уу, ямар нэг зүйлтэй холбохоос илүүтэйгээр хүн хүнээ хайрлах гэсэн сэтгэл байхгүйгээс гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 31 тохиолдол бүртгэгдсэн.
-Хүүхэд хамгааллын чиглэлээр ямар арга хэмжээ авч байна. Гэр бүлийн орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах ёстой вэ?
-Сургуулийн орчин дахь бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, анхаарал хандуулах стандарт гэж бий. Өөрөөр хэлбэл, багш, нийгмийн ажилтнууд хүүхдүүдийг зөв боловсон хүмүүжүүлэх, сурч боловсрох стандарт үйл ажиллагааг тогтмол зохион явуулах ёстой.
Дунд сургуулийн боловсролын системд хүүхдүүдэд эрх зүйн мэдлэг олгох, нэг нэгнээ хүндлэх, хайрлах чиглэлийн мэдлэг, мэдээллийг зайлшгүй оруулах шаардлагатай байна. Сургуулийн орчинд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарна. Тухайлбал, хүүхдүүд хоорондоо зодолдох, нэгнээ дээрэлхэх, гар утас болон эд зүйлсийг нь булаах гэмт хэргүүд цөөнгүй бүртгэгдсэн байгаа юм. Нийслэлд 250 гаруй сургууль бий. Цагдаагийн байгууллагын зүгээс сургуулиудад “School police” эцэг эхчүүдийн эргүүлийг чанартай зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байна.
Дүүрэг бүрт цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил хариуцсан алба хаагчид байдаг. Сургуулийн доторх үйл ажиллагаанд өсвөрийн сэргийлэгч бүлгэм гэдгийг санаачилсан. Энэ нь ахлах ангийн сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараалсан сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.
-Гэр бүл дэх хүүхэд хамгааллын чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Тус хуулийн заалтыг томчууд хэрэгжүүлэхгүй байна. Хүчирхийлэлттэй орчинд өсч, архи, тамхийг нүдэндээ харж дассан хүүхэд том болоод эцэг эхээ л дуурайдаг. Энэ нь ирээдүйд архины хэрэглээтэй, хамааралтай хүнийг бий болгож байна гэсэн үг. Зан харилцааны хувьд ч хэн нэгнийг дээрэлхэнэ, хүчирхийлнэ, бусадтай ёс бус хандах хандлагыг төлөвшүүлдэг. Тэгэхээр хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал бол дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, сургууль, цэцэрлэг хамт олон, гэр бүл гээд нэг үгээр хэлбэл иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байна.
Гудамж, зам талбай, олон нийтийн газар дахь хүүхэд хамгааллын асуудлыг цагдаагийн байгууллага болон бусад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу, эргүүл хөтөлбөр зэргээр зохицуулагддаг. Урамшилт эргүүл, хөршийн хяналт гэсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Эдгээр хөтөлбөрийн биелэлт, үр дүн, үр нөлөөг судалж байна.
Цаашид бид хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдийг аюулд орсон, гэмт хэрэгт өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг дүүрэг, хороогоор нь судалж, дүн шинжилгээ хийхээр төлөвлөсөн.
Мөн хүүхдийг хамгаалах хамгийн гол хүн бол эцэг эх байдаг учраас хуулиар хүлээсэн болон хүүхдээ асран хамгаалах жам ёсны эрх үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Б.ГАНТУЯА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
Гомдолтой бна хувхай Ширэн бээлийтнүүдтэй яаж тэмцэх вэ
шулуун гэдэсний хүчин гэх нарийн заалтыг хуульд тусгах хэрэгтэй байна шулуун гэдэс эрсдэлтэй
ЯАГААД ДАВТАН ГЭЭД БАЙГАА ХЭРЭГТ ИЙМ БАГА ЯЛ ӨГӨӨД БАЙГААН. АРАЙ Ч ДЭЭ. НЯЛХ БАГА АМЬТНЫГ БУЗАРЛАЧИХСАН ХҮНД НӨГӨӨ ХҮНД ЯЛ ӨГДӨГ ЭНЭЭ ТЭРЭЭ ЧИНЬ ХААНА БАЙНА. НААД ХҮН ДАХИАД Л НЭГ ЖИЛИЙН ДАРАА ӨРШӨӨГДӨӨД ГАРААД ИРНЭ ШҮҮ ДЭЭ.
Iim humuusiig taigan bolgoh heregtei l gej sanaj baina daa ....
Зарим улс оронд тариа хийж засдаг. Түүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй дээ
ter yumig n zasdag huulitai bolmoor yum
зайлцан хүмүүс байх юм даа яамаар юм бэ