2019 | Шинэ он таныг аялалд гарахыг урьж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

 

2019 он аялахад маш тохиромжтой цаг хугацаа болохыг та дараах мэдээллээс авах болно. Таныг Перугээс авахуулаад Тайландад болох маш олон сонирхолтой эвент, мартагдашгүй аялал хүлээж байна.

Венецийн багт наадам /Итали/ 


XI зуунаас хойш Итали орон даяар өргөнөөр тэмдэглэн ирсэн багт наадмын хамгийн тансаг нь Венецийн багт наадам юм. Арван хоногийн турш болдог энэхүү наадмын үер Гэгээн Маркын талбай дээр салют буудуулж, Венецийн уламжлалт завьтай сүрт жагсаал, багт наадам болдог нь олон сая жуулчдыг татдаг билээ.

Хэзээ: 02.16 - 03.05

Дэнлүүний наадам /Тайвань/


Тайванийн "Дэнлүүний наадам" сар шинийн анхны тэргэл сартай шөнө болдог. Дэнлүүний наадмын хүрээнд цахилгааны гэрэлтгүүлгийн шоу, ардын урлагийн тоглолт, Пингси тэнгэрийн дэнлүүний наадам зохион байгуулагддаг уламжлалтай. Жил бүр Тэйпэй хотын ойролцоох Пингси жижиг хотын оршин суугчид цаасан дэнлүүг шөнийн тэнгэрт хөөргөдөг. Энэ уламжлал нь Шинэ ондоо аз хийморьтой явах бэлгэдлийг агуулдаг аж..

Хэзээ: 02.19 - 03.03

Уран гулгалтын ДАШТ /Япон/


2019 оны гуравдугаар сард Японы Сайтама хотноо Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Эртний сүм хийдүүд, ирээдүй цагийн тэнгэр баганадсан өндөр барилга байгууламжтай хоршин буйг нүдээрээ үзэж, Японы уламжлалт хоолыг амтлангаа ДАШТ үзэх боломжийг 2019 он Танд олгож байна.

Хэзээ: 03.18 - 03.24

Амстердам дахь Хааны өдөр /Нидерланд/


Амстердам хотноо Хааны өдрийг тэмдэглэхээр төлөвлөж байгаа бол Та улбар шар өнгийн хувцсаа авч, улбар шар өнгийн чемоданаа баглах ёстой. Энэ бол тод өнгөнд дуртай хааны төрсөн өдрийг тэмдэглэх баяр юм. Энэ өдөр хүн бүр гудамжинд гарч, бүх нийтийн зугаалгад оролцон, завиар аялж, баярын Tompouce амттаныг заавал амсдаг.

Хэзээ: 04.27

Инти Райми /Перу/


Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт өвлийн хамгийн богино өдөр тохиох энэ өдөр Нарны хаан Инти-г тахих ёслол эртний инкүүдийн нийслэл Куско хотноо болдог. Эртний уламжлал, соёлыг сонирхдог хэн бүхэн энэ баярыг заавал үзэх ёстой. Андын нуруунд орших Куско хотоос алдарт Мачу-Пикчу ороход хамгийн тохиромжтой.

Хэзээ: 06.22

Фринж наадам /Шотланд/


Эдинбург хотын Фринж наадам нь дэлхийн хамгийн том урлаг, соёлын баяр наадам юм. 2017 онд л гэхэд үүний хүрээнд нийт 53 мянган тоглолт, гурван мянган төрөл бүрийн шоу, арга хэмжээ зохион байгуулагджээ. Ихэнх арга хэмжээнүүд хотын төвдөө болдог энэхүү наадам ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй.

Хэзээ: 08.02 - 08.26

Октоберфест /Герман/


Жил бүр зургаан сая хүн энэ баярт орохын тулд Германы Мюнхен хотыг зорьдог. Октоберфест наадмын үеэр жил бүр зургаан сая литр шар айраг уудаг байна. Уламжлалт ёсоор, энэ баярын үеэр зөвхөн нутгийн шар айргийг амтлан хүртэх ёстой гэнэ. Үүний сацуу, зөвхөн нутгийн хоол идэж, баварчуудын үндэсний хувцсаар гангарах ёстой аж.

Хэзээ: 09.21 - 10.06

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top