ХОВД: “Жижиг худалдаа, бизнес эрхлэгчдийн уулзалт, өдөрлөг”-ийг зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар орон нутгийн “Жижиг худалдаа, бизнес эрхлэгчдийн уулзалт, өдөрлөг”-ийг 12 дугаар сарын 31-ний өдөр Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа. Уулзалт, өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд болон орон нутгийн жижиг худалдаа, бизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцов.

Уулзалтын хүрээнд аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, өрхийн болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд, 2019 оны үндсэн чиглэл, цаашид тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, шийдвэрлэх гарц, арга замын тухай санал солилцлоо. Энэ үеэр жижиг худалдаа, бизнес эрхлэгч иргэдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, бизнес эрхлэгчдийг 1 жилд 2 удаа Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах, Булган боомтын үйл ажиллагааг сайжруулах, хүндрэл, ачааллыг бууруулах, хилийн боомтоор зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарах, өрхийн болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг хүртээмжтэй олгох зэрэг саналуудыг уламжилсан юм. 

Мөн орон нутгийн иргэдийг чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах, аймаг, орон нутгийнхаа эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд өндөр хувь нэмэр оруулж, бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа жижиг худалдаа, бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал гардуулан өгч баяр хүргэв.

www.khovdnews.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top