2019 онд ШИНЭЭР ХЭРЭГЖИЖ буй онцлох хуулиуд

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

Өчигдрөөс буюу 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсад хэд хэдэн томоохон хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. 

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан өөрчлөлт, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлээд байна.


Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчилж эхэллээ

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна.

Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах асуудлыг энэ хуулиар зохицуулж байгаа юм.

Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ хэмээн хуульд заажээ. Ингэхдээ жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглосон байна.

Уг хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2000 онд баталсан Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийг хүчингүй болох юм.


Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэв

2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтад оруулсан өөрчлөлт болон УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэнэ.

Нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлөх юм.

Тус бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл/ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлж байгаа бол 2019 оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлнө.


Төрийн албаны тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэллээ   

Төрийн албаны тухай хуулийн  шинэчилсэн найруулга нь 23 бүлэг, 77 зүйлтэй. Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчим, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн тухай тусгасан байна. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газраас доорх таван журмыг батлаад байна. Тодруулбал,

-Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс

-Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл

-Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл

-Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл

-Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг баталлаа.

Төрийн үйлчилгээний албан хаагчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон нэмэгдэл хөлс олгох журмыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх бол бусад журмыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.


Олон сурагчтай бага ангиуд туслах багштай болно

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль. Энэ хууль нь багш нарын хөгжил боломжийг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн асуудлыг нь сайжруулахад чиглэгджээ. Тухайн хууль батлагдсаны дараа УИХ-ын Тамгын газраас ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлсон юм.

1. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсноор багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж байна.

2. Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна.

3. Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулна.

4. Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт зургаан сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

5. Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно. Ингэснээр багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэнэ.

6. Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

7. Засгийн газар багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг таван жил тутамд баталж, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.

8. Багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.


Мод, модон хийцийг НӨАТ-аас чөлөөллөө

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг өнөөдрөөс НӨАТ-аас чөлөөлж эхэллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай энэ хууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчилнэ. Энэхүү хууль нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бууруулах, ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах явдлыг зогсоох зорилтой юм.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 350 мянган төгрөг боллоо

Хуулийн дагуу хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоодог бөгөөд уг хуулийн заалтын дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн  цалингийн доод хэмжээг 320,000 төгрөг болголоо. Улсын хэмжээнд нийт ажилчдын найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг юм байна.

 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tetgewer yah(202.126.89.249) 2019 оны 01 сарын 03

tetgewer yah bol nemegdeh bol uu

0  |  0
Top