Төв аймаг 2018 оныг “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нэлээдгүй ажил хийгдэж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа нь тогтмолжиж, үр дүнгээ өгсөөр байна.
Тэгвэл бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үргэлжлэл болж Сэргэлэн сумын нэгдүгээр баг, 4 дүгээр зөрлөгт байгуулагдсан “Фанги фүүдс” ХХК-ний “Хүнсний мөөг тариалах үйлдвэр”-ийн барилгыг ирэх сард ашиглалтад оруулах юм. Аймгийн Засаг даргын 2017 оны А/571 дугаар захирамжаар томилогдсон улсын комисс байгуулагдсан.
Уг үйлдвэрийн барилгын ажлыг 2018 оны 6 дугаар сараас эхлэн гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн стандартын дагуу хүнсний мөөг тариалах, үйлдвэрлэл явуулах зориулалтаар баригджээ. 20х42 хэмжээтэй, 840 мкв талбай бүхий уг барилга нь мөөг тарьж ургуулах 8 өрөө, ажилчдын, усны нөөцийн, цахилгааны, оффисын өрөөнүүдээс бүрдэнэ. Хүнсний зориулалттай мөөгийг тариалах, ургах таатай нөхцөлийг бүрдүүлж, хөрс, агаар, чийгшил, дулаан, манан зэрэг байгалийн хүчин зүйлийг тасалгааны нөхцөлд цогцоор нь шийдвэрлэжээ. Жилийн 4 улиралд ажиллах боломжтой, хоногтоо 1 тонн мөөг хураан авах хүчин чадалтай уг үйлдвэр нь эхний ээлжид Монголчуудын хүнсэндээ өргөн хэрэглэдэг бор мөөг, хар мөөгийг тариалах бөгөөд цаашид цагаан мөөг, савхан мөөг тариалж, ургацаа эх орны томоохон зоогийн газар, ресторан, худалдааны төвүүдэд худалдан борлуулах юм. Мөөг нь ус болон уургийн агууламж өндөртэй, цусан дахь сахарын хэмжээ, холестерин бууруулах, дархлаа сайжруулах зэрэг эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн аж.
“Хүнсний мөөг тариалах үйлдвэр” нь Сэргэлэн сумын нутагт байгуулагдсан учир ажиллах хүчнээ тухайн орон нутгаас авах сонирхолтой байгаа төдийгүй заавал мэргэжлийн ажилтан байх шаардлагагүй, ажил хийх хүсэл эрмэлзэлтэй хүнийг ажлын байран дээрээ сургаж, дадлагажуулж ажлын байраар хангана гэдгээ ажлын хэсгийнхэн онцолж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )