Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өчигдөр (2019.01.05) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Д.Лүндээжанцан шигшээ тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, энэхүү тэмцээн энэ жил 7 дахь удаагаа болж буй бөгөөд тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, нэр хүнд, чанар чансаа нь улам өсөж байгааг тэмдэглэв.
Тэрбээр мөн “Энэ жилийн тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатарч оролцлоо. Баянхонгорт 626, Завханд 387, Ховд аймагт 481 гаруй тамирчин тэмцээний анхан шатанд өрсөлдсөн нь тэмцээний цар хүрээ өргөжин тэлж байгаагийн илрэл юм. Улс орон даяар оюунаа уралдуулсан 6500 гаруй шатарчнаас тэргүүлж шалгарсан 100 гаруй шатарч улсын аваргын төлөө өрсөлдөхөөр өнөөдөр энд хуран цуглаад байна.
Монголын шатарчид, ялангуяа өсвөр залуу үеийнхэн гайхалтай сайхан амжилт үзүүлж, монгол хүний оюуны чадавхийг дэлхий нийтэд нотлон харуулсаар байгааг бид мэднэ. Зөвхөн 2018 онд л гэхэд сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол шатарчин Б.Баярмаа хошой аваргаар тодорч, сурагчдын дэлхийн болон Азийн аваргууд төрж, дэлхийн шатрын олимпиадаас манай эрэгтэй шатарчид мөнгөн медаль хүртлээ.
Энэ тэмцээнээс шалгарсан тамирчдад Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгодог. Яг энэ өдрүүдэд БНХАУ-д болж буй шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Хэнтий аймгийн тамирчин Ганболдын Амарсанаа, Дорноговь аймгийн тамирчин Эрдэнэбаатарын Одгэрэл нар амжилттай оролцож байна.
Төрийн ордонд эхэлж буй тэмцээний аваргууд ирэх жил Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Балба улсыг зорих болно.
Зөв сэтгэх, оновчтой шийдвэр гаргах, бусдын сэтгэхүйг шинжих, тэвчээр хатуужилтай болох гэх мэт олон сайхан чанарыг шатраас олж авдаг. Тиймээс шатрын спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, монгол хүн бүрийг шатартай нөхөрлүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг юм” хэмээгээд тамирчдад амжилт хүслээ. Энэхүү уламжлалт тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Улсын Их Хурлын Тамгын газар ажиллаж, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаанд мөн Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар үг хэллээ. Дараа нь дэлхийн шатрын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн эрэгтэй баг тамирчдыг индэрт урьж, баяр хүргэсэн юм.
Тэмцээний нээлтийн ажиллагааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэмцээний эхний нүүдлийг Орхон аймгаас оролцож байгаа 18 настай А.Золжаргалтай хийж, шигшээ тэмцээнийг албан ёсоор эхлүүлэв. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан өдөрт зориулан зохион байгуулдаг энэхүү тэмцээнд Үндсэн хуулийг батлалцаж байсан Ардын Их Хурлын депутатуудаас оюун ухаан сөрөн өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд Ардын Их Хурлын депутат Д.Найдан, Д.Чилхаажав, В.Цамба нар өрсөлдөж байна.
Ховд аймгийн Алтай сумаас буюу 360 дугаар тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Үндсэн хууль батлалцаж байсан Д.Найдан “Нутаг нутгийн шилдэг тамирчид ирж тоглодог энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог. Миний хувьд зургаан удаагийн тэмцээнд оролцсон. Жилээс жилд оролцогчдын чадвар сайжирч, өрсөлдөөн ширүүн болж байна” хэмээв. Харин Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас оролцож байгаа эмэгтэй тамирчин М.Хэнчбиш “Сумын аваргаас шалгараад аймгийн аваргад 20 гаруй тамирчинтай өрсөлдсөн. Аймгийн аваргаас шалгараад шигшээ тэмцээнд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд оролцоод долдугаар байрт шалгарсан амжилтаа ахиулахыг зорино” гэлээ.
Тэмцээний дундуур ерөнхий шүүгч, Олон улсын шүүгч, УИХ-ын Тамгын газрын референт Г.Алтан-Очоос зарим мэдээллийг тодруулахад, шигшээ тэмцээнд хагас шигшээ тэмцээн буюу аймаг, дүүргийн аваргаас шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 35 тамирчин өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээний онцлог нь орон нутагт маш өргөн дэлгэр болсон. Зарим аймагт 600 гаруй тамирчин анхан шатанд өрсөлдсөн. Шигшээ тэмцээн хоёр өдөр үргэлжилж, дүнгээ гаргана. Швейцарь системээр найман өрөг тоглоно” гэлээ.
Насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын зэрэг, цолгүй сонирхогчид өрсөлддөг энэхүү тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгодог бөгөөд аваргалсан эрэгтэй, эмэгтэй шатарчид Ази тивийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )