Яруу найрагч Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Х.Эрдэнэбаатар гээд “Болор цом”-ын эздийг шил дагаж гарч ирсэн чансаатай, аатайхан цөөн хэдэн найрагчдын нэг бол Оюунцэцэгийн Цэнд-Аюуш. Тэрбээр энэ жил “Болор цом” наадамд мөн л дээгүүр давхиж, гутгаар байр эзэллээ. Яруу найрагчид "Би наадамд уралдах гэж ирээгүй, шүлгээ дуудах чинь л хамгийн том баяр" гэдэг. Хэзээнээсээ л цомын тайз бусдаас өөр байж. Арга ч үгүй. Д.Нямсүрэн, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, Д.Урианхай гээд их найрагчдын тоосоо өргөж явсан торгон дэвжээ шүү дээ.
Гэхдээ энэ жил түүнийг түрүүлсэнгүй гэж хэн ч гонсойсонгүй, тэр өөрөө бүр ч их баяртай байсан. “Болор цом-36” наадмын талаарх сэтгэгдлийг нь асуухад, "Би шууд үнэнээ хэлье. Тэр авах ёстой” гэж Б.Баттулга найрагчийн тухай нэг л өгүүлбэр хэлсэн. Тэр өөрөө “Болор цом”-д арав гаруй жил шүлгээ дуудаж, зургаан удаа айрагджээ.
Ингээд түүний “Болор цом-36” наадмын тайзнаа дөрөвдүгээр шат буюу сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна.
“Чиний тухай таван бадаг”
Чиний ганцхан үс дэрэн дээр хэвтэх нь
Уул толгодын дээрээс унасан шөнүүд
Утас шиг нарийхан болчихоод
Урагдсан зүрхийг минь оёх гэж байгаа юм шиг ээ
Чиний гунигтай нүд дэргэдээс ширтэх нь
Намрын бүх навчис мөчрөөсөө тасарч
Над руу хийсч ирээд хацар, нүүр, цээж рүү минь унаж
Хавар болохоор ургах гэж байгаа юм шиг ээ
Чиний ер бусын гоо үзэсгэлэнт царайнаас
Ертөнцийн бүх хун нисч над дээр буух гэж байгаа юм шиг
Бууж чадахгүй зовж байгаа юм шиг
Буцаж чадахгүй эцэж байгаа юм шиг ээ
Чиний халуун гар уруул илбэх нь
Орчлонгийн бүх гол мөрөн алганд чинь оршиж
Онон, Хэрлэн, Сэлэнгэ мөрөн миний дээгүүр урсах шиг
Урссаар урссаар нуур болон над дээр тогтоод
Усны шувуудыг буулгах гэж байгаа юм шиг ээ
Чиний ганцхан үг сэтгэлд бодогдох нь
Уул толгодын дээрээс уруудаж ирэх өдрүүд
Уудам их болчихоод
Шимширсэн зүрх рүү минь шингэх гэж байгаа юм шигээ
Сэтгэгдэл ( 3 )
ёоо ямаррр гоё юм бэ
Bi ene huug avah baih gej olon jil harj bnaa
янзтай