ОРХОН: Баярын өдрүүдэд хүүхдийн эмнэлэгт 594 хүүхэд ханджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Орхон аймгийн Засаг даргын 2019 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар удирдан явуулав. Шинэ жилийн баярын өдрүүдэд Эрүүл мэндийн салбар нэлээд ачаалалтай ажиллажээ. БОЭТ-д ямар нэгэн нас баралт бүртгэгдээгүй бөгөөд харин томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаагаас шалтгаалан Хүүхдийн эмнэлэгт 594 хүүхэд хандсанаас 43 нь хэвтэн эмчлүүлжээ. 

 

Цагдаагийн байгууллагад нийт 22 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнд залилан мэхлэх 4, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9, хулгайлах 5, хүний амь насыг болгоомжгүй байдлын улмаас хохироосон 3, мансууруулах бодис хэрэглэсэн 1, бусад 1 гэсэн хэргүүд бүртгэгдэн шалгагдаж байна. Баярын өдрүүдэд 58 хүн эрүүлжүүлэгдсэн нь түүний өмнөх 7 хоногоос 23 хувиар бага байсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчил илрүүлснээс гадна Хэв журмын тасгаас “Халаас” нэгдсэн арга хэмжээ, Тээврийн цагдаагийн тасгаас “Хяналт” нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлж 1274 тээврийн хэрэгсэл шалгаж ажиллажээ. Онцгой байдлын газрын алба хаагчид 4 хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ААН, байгууллага, айл өрхүүдэд үзлэг шалгалт хийж, зөвлөмж хүргүүлэн ажилласан байна. Салют, бенгалын гал гэх мэт пиротехникийн хэрэгсэл хувь иргэд өөрсдөө буудуулах ажлыг таслан зогсоож ажилласан бөгөөд гал түймэр аюул ослын дуудлага ирээгүй байна. 

ЗДТГ-ын Мэдээллийн төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top