Эмэгтэй чөлөөт бөхийн домог , Олимпийн гурван удаагийн аварга, нэг мөнгөн медальт, Дэлхийн 13 удаагийн аварга, Японы алдарт бөх Саори Ёшида зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа.
Тэрбээр “Би өөрийн бөхийн амьдралаа өндөрлүүлэхээр шийдлээ. Намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа” гэж твиттерт жиргэжээ. Түүний энэхүү гэнэтийн мэдэгдэл өнөөдөр спорт сонирхогчдын анхаарлын төвд байна.
Саори Ёшида 1982 оны аравдугаар сарын 5-нд Японы Миэ аймгийн Цү хотод төрсөн. Тэрбээр 2002 онд 20 настайдаа анх бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга болсноос хойш завсаргүйгээр олимпийн наадамд гурван удаа түрүүлсэн билээ.
Өнгөрсөн “Рио 2016” олимпийн наадмаас дөрөв дэх алтан медалиа авах гэж зүтгээд чадаагүй түүнийг олимпийн дараа зодог тайлах болов уу гэж бөх сонирхогчид таамаглаж байсан. Саори Ёшида Риогийн олимпийн дараагаас Японы чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчийн албанд зүтгэж эхэлсэн бөгөөд үүнийгээ “Зодог тайллаа гэсэн үг биш. Үргэлжлүүлэн барилдах хүсэлтэй байгаа. Дасгалжуулагчийн ажилтайгаа зэрэгцүүлэн, залуу тамирчидтай бэлтгэл хийнэ. Аль алийг нь хослуулна. Тэднийг ялж байвал 2020 оны Токиогийн олимпод оролцож чадна гэсэн үг” хэмээн тайлбарлаж байсан билээ.
Гэхдээ одоо тэр нэгэнт шийдвэрээ гаргаж, 2020 оны Токиогийн олимпод Японы шигшээ баг бэлтгэх нь тодорхой боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Домогт бөх Саори Ёшида таны цаашдын ажил албанд өндөр амжилт хүсье.