Орхон аймгийн 2018 оны шилдэг байгууллага болсон "Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамт олон шинэ оны босгон дээр 3 сая төгрөгөөр шагнагдсан билээ. Өмнөх 2017 онд улсад төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтээр өндөр үнэлгээ аван "Монголын ТОП 100" байгууллагын нэг болж байсан. Харин 2018 онд аймгийнхаа шилдэгт "Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зуузай холбон амжилт гаргажээ. Өдгөө бүтэц зохион байгуулалтын хувьд Булган, Архангай, Өвөрхангай, Хархорины гэсэн орон нутгийн 4 салбартай, төвдөө Захиргаа удирдлагын, Техникийн, Санхүү тайлан бүртгэлийн, Хяналтын, Эрчим хүч борлуулалт маркетингийн 5 хэлтэст харьяалагдах нийт 623 ажиллагсадтай. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчиддаа зориулан орон сууцны хороолол барьж, 30 ажилтан шинэ байрны түлхүүрээ гардуулан хямд өртөгтэй орон сууцанд ажилчид нь амьдрах болсон байна.
Харин өчигдөр Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгжлийн бэрхшээлтэй 0-6 насны хүүхдүүдийн "Итгэлийн мод" ТББ-т шагналаасаа 500 000 төгрөг хандивлалаа. Тус төвд эдүгээ аав ээж нь тогтмол ажил эрхэлдэг 7 хүүхэд хамрагддаг. Өнөөдрийн өгсөн хандив тусламжийн үрээр ханиад томууны энэ үед эм тариа, амин дэм, хоол хүнсэндээ зарцуулахад ихээхэн тус болохыг төвийн ажилчид онцолж байна.
Сэтгэгдэл ( 0 )